Коронавирусын улмаас амь насаа алдсан хүний тоо 300 давж, батлагдсан халдварын тохиолдол 14,500 боллоо. Хятадаас өөр улсад хүн нас барсан анхны тохиолдол Филиппинд өнөө өглөө бүртгэгдлээ. Ингэснээр зөвхөн Хятад улсад ноцтой байгаа бус, өөр улс оронд ч хүн амь насаа алдаж байгаагийн бодит илэрхийлэл юм. Филиппиний Манила хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 44 настай Хятад эр вирусын улмаас нас баржээ. Өмнөд Солонгос улсад коронавирусын баталгаажсан халдварын тохиолдлын тоо гурваар нэмэгдэж, 15 боллоо. 1 сарын 31-нд Хятадын Ухань хотоос эх орондоо тусгай нислэгээр авчирсан Солонгосын 368 иргэний нэг болох 28 настай залуу вирусын халдвар авсан нь тогтоогджээ.
Хятад улсад аймшигтай коронавирусын халдвар тархаж, тус улсаас дэлхийн бусад орнуудад очсон жуулчид, иргэдээр дамжин тархаж байгаатай холбогдуулан баруунд Ази иргэдийг, тэр дундаа Хятадуудыг ялгаварлан гадуурхах, ад үзэх явдал хүчээ аваад байна. Канад болон АНУ-ын сургууль, их сургуулиудад хэрэв Ази сурагч, оюутантай бол бусад нь түүнээс болж хичээлдээ ирэхгүй байх, тухайн сурагчийг хичээлдээ ирэх хэрэггүй хэмээн багш нь хэлсэн тохиолдлууд ч гарчээ. Европын хэд хэдэн улс орнуудад зочид буудлууд болон ресторанууд, хоолны газрууд Хятад иргэдийг оруулахгүй байх, Хятад хүнд үйлчлэхгүй гэх шийдвэр гаргасан нь дургүйцэл, бухимдлыг дагуулаад байна.
Түүнээс гадна Хятад улсын эрх баригчид Ухань хотод хөл хорио тогтоож, гадагш гарах онгоц, галт тэрэг, автобусны хөдөлгөөнийг бүрмөсөн хязгаарлах шийдвэр гаргахаас (шийдвэр 1 сарын 23-нд гарсан) өмнө уламжлалт Цагаан Сарын баярыг тохиолдуулан 5 сая орчим хүн аль хэдийн Ухань хотоос гадагш зорчсон нь ихээхэн түгшүүр төрүүлж байна. Тэдгээр хүмүүсийн хичнээн нь вирусын халдвартай, аль эсвэл өвчний далд үедээ явж байсан эсэхийг тогтооход бэрхшээлтэй билээ.
Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа мэдээлэл хүргэхэд АНУ-ын American Airlines, Delta Airlines гэх мэт томчуудаас гадна British Airways, Air Asia, Cathay Pacific, Air India, IndiGo, Lufthansa, Finnair, Qantas, Qatar Airways зэрэг авиа компаниуд БНХАУ руу хийх болон тус улсаар дамжин өнгөрөх нислэгүүдийг цуцалж, хязгаарлалт хийгээд байна.
Д.Жаргалсайхан