Цаг үеийн мэдээ

            Халдварын голомт Хятад улсад вирусийн тархалт их байгаагаас эмнэлгийн хүрэлцээ анхаарал татсан асуудал болжээ. Коронавирусийн эсрэг вакцин гаргаж авахаар хэд хэдэн улс, олон тооны эм үйлдвэрлэл, биотехнологийн компани ажиллаж байна. Эд нар дундаас Австрали, Хонгконг, Хятадад туршилт ахицтай байгааг мэдээллээ. Хонгконгийн их сургуулийн судлаачид коронавирусийн эсрэг вакциныг гарган авснаа зарласан бөгөөд одоогоор лабораторийн нөхцөлд болон амьтан дээр туршилтын ажил явагдаж байгаа аж. Гэхдээ вакцин үр дүнтэй болох нь батлагдсан ч олон тоогоор үйлдвэрлэж, дэлхий даяар тараахад багадаа жилийн хугацаа зарцуулах гэнэ.

            Тэгвэл Элэгний “C” вирус болон ДОХ өвчний эсрэг эмийг гаргасан АНУ-д төвтэй “Gilead” биотехнологийн компани Бээжинд төвтэй Хятад-Японы нөхөрлөлийн эмнэлэгтэй хамтран вирусийн эсрэг ремдезивир гэх эмийг Ухань хотноо хүн дээр туршиж эхэлжээ.  АНУ-ын Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэлийг хурдасгах зорилгоор дэмжин ажиллахаа зарлалаа.

            Халдвар анх гарсан Ухань хотод 400 гаруй хүн коронавирусийн өвчнөөр нас бараад байна. Ухань хотод эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаагаас сургуулиудын биеийн тамирын заалыг ашиглаж эхэлжээ. Түүнчлэн Хятадын Засгийн газраас тус хотод 1000 ортой хоёр давхар эмнэлгийг 10 хоногийн дотор барьж дуусгасан нь олон улсын анхаарлыг татаж байна. Хуошеншан гэх тус эмнэлэг анхны өвчтөнөө Даваа гаригт хүлээн авсныг “Associated Press” мэдээлжээ. Тус эмнэлэгт ажиллуулахаар Хятадын армийн 1400 орчим эмч, эмнэлгийн ажилтныг илгээсэн аж. Хятадын дарга Ши Жиньпин дахин гурван эмнэлгийг ойрын хугацаанд барьж босгохоо мэдэгдсэнээс хоёр дахь нь ирэх долоо хоногт ашиглалтад орох аж.

Таны сурталчилгаа