Коронавирусний улмаас нас барсан хүний тоо 564 болж, халдвар авсныг баталгаажуулсан нь 28,000 даваад байна. Хятад улсад 562 хүн, бусад улс орнуудад 2 хүн нас баржээ. Япон улсын Сувдан гүнж нэртэй аяллын хөлөг онгоцон дээр зорчиж явсан хүмүүсээс 20 хүн коронавирусээр өвдсөн нь тогтоогдож, уг хөлгийг тусгаарлаж, карантин тогтоогоод байна. Ингэснээр коронавирусний халдвар авсан Япон улсын иргэдийн тоо 45 болжээ.
Diamond Princess хөлөг онгоц одоогийн байдлаар Токио хотын ойролцоо Йокохамагийн эргийн орчимд байрлаж байна. Тус хөлөг дээр 2666 зорчигч, хөлгийн багийн 1045 хүн байгаагаас зөвхөн Америкчууд л гэхэд 428 байна. Өвчний халдвартай хүмүүсийг усан онгоцноос нүүлгэн шилжүүлж, эрэг дээр эмчилж байгаа ч, үлдсэн хүмүүсийг халдвар авсан байж болзошгүй хэмээн сэжиглэж, хамгийн багадаа 14 хоног карантинд байлгах юм. Усан онгоцон дээр зорчсон халдвар тээгч эхний хүн нь Хонконгийн иргэн 80 настай өвгөн ажээ.
Халдварын тархалт нэмэгдэж байгаатай зэрэгцэн эмчүүлж, бие нь сайжирсан хүмүүс ч нилээд байна. АНУ болон Өмнөд Солонгос зэрэг дэд бүтэц, анагаахын халамж үйлчилгээ өндөр хөгжсөн орнуудад коронавирусний халдвар авсан ч, хэвтэж эмчлүүлээд бие нь сайжирсан тул эмнэлгээс гарсан тохиолдлууд нилээд гарчээ. Одоогоор батлагдсан эм, вакцин гараагүй байгаа бөгөөд Тайландын эмч нар хэд хэдэн антивирусний эсрэг эмийг хавсрах байдлаар өвчтнийг амжилттай эдгээсэн хэмээн мэдэгдээд байна.
Дэлхийн томоохон авиакомпаниуд Хятад улс руу хийх нислэгүүдийг цаг хугацааны хувьд өөр хоорондоо ялгаатай байдлаар түр зогсоогоод байна. American Airlines, United Airlines нь 3 сарыг дуустал, Delta Airlines 4 сарын 30 хүртэл, Air Canada 2 сарыг дуустал, Air Asia зарим нислэгүүдээ 2 сарыг дуустал, Air Nippon зарим нислэгүүдээ 3 сарыг дуустал, Qantas 3 сарыг дуустал, Singapore Airlines 3 сарын 1 хүртэл, British Airways болон Turkish Airlines 2 сарыг дуустал нислэгүүдээ цуцалсан байна.
Д.ЖАРГАЛСАЙХАН