Олон улсын эрдэмтдийн баг 38 төрлийн хорт хавдрын эсийн генийн мэдээллийг анх удаа бүрэн тайлж уншсанаар хорт хавдрын өвчлөлд хүргэдэг ДНХ-ийн мутацийн иж бүрэн каталогийг бий болгож чадсан нь гайхамшигтай нээлт боллоо. “Бүх төрлийн хорт хавдрын бүтэн геномийн судалгаа” /PCAWG/ гэдэг нэртэй асар өргөн цар хүрээ бүхий эрдэм шинжилгээний ажлыг судлаачид 10 гаруй жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ба түүнд дэлхийн 37 улсын 1300 орчим генетикчид оролцжээ. Судалгааны ажлын үр дүнг анагаах ухааны 20 гаруй сэтгүүлд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт нэгэн зэрэг шууд нийтэлсэн байна.
Эрдэмтдийн ярьж байгаагаар, хорт хавдар үүсэх шалтгааныг 100 мянган ширхэгээс бүрдэх эвлүүлдэг тоглоомтой зүйрлэж болох ажээ. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд бид бүхэн 100 бүрдэл хэсгээс ердөө ганцханыг нь гар дээрээ тавьж байгаад ерөнхий дүр зургийг гаргах гэж оролдсоор ирсэн байна. Харин одоо бүрэн зургаар нь харах боломжтой боллоо.
“Хорт хавдрын үүсэл ба явцын талаарх цуглуулсан мэдээлэлдээ тулгуурлан хавдрыг эрт оношлон илрүүлж, илүү оновчтой эмчилгээ хийх, өвчтөнүүдийг илүү сайн эмчлэхэд чиглэсэн шинэ аргуудыг боловсруулах боломжтой боллоо” гэж PCAWG төслийн Зохицуулах хорооны гишүүн Линкольн Стайн дүгнэн ярьж байна.