Улаанбаатарын зарим уулзварын гэрлэн дохионы асах дараалал өөрчлөгдсөн талаар Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс мэдээлж байна.
Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Б.Далайцэрэн "Замын хөдөлгөөний нөхцөл байдлаас шалтгаалан гэрлэн дохионы асах дараалалд өөрчлөлт оруулж, хөдөлгөөнийг сийрэгжүүлэх тохиолдол байдаг.
Одоогийн байдлаар:
Дөлгөөн нуурын уулзвар, 32-ын тойрог, 17-р сургуулийн уулзвар зэрэг газарт гэрлэн дохионы асах дарааллыг өөрчилсөн. Ингэснээр замын хөдөлгөөнийг сийрэгжүүлэхэд чухал үр нөлөөтэй.
Ингэж асах дараалалд өөрчлөлт оруулсны дараа жолооч нар гэрлэн дохиогоо сайн ажиглаагүйн улмаас өөрийн явах урсгалд ногоон гэрэл асна хэмээн таамаглаж, хөдөлснөөр осол гаргах тохиолдол гараад байна.
Иргэдэд анхааруулж хэлэхэд, Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасныг баримталж, уулзвар нэвтрэхдээ өмнөх хөдөлгөөнөө дуусгаж амжаагүй байгаа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийг зам тавьж өгөх болон гэрлэн дохиогоо сайтар нягталсны дараа уулзвараар нэвтрэх хэрэгтэйг сануулж байна" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Мөн сүүлийн өдрүүдэд шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэдийг илрүүлэх хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Учир нь зарим жолооч хөдөлгөөнд оролцож байхад нь зогсоож шалгахгүй байгаа гэж буруу бодож, хөнгөмсгөөр найдан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргасан тохиолдол нэмэгдсэн.
Түүнчлэн явган зорчигчид зам хөндлөн гарахдаа осолд өртсөн хэрэг ч нэлээд гарч байна. Ялангуяа, Сүхбаатар дүүргийн хувьд гарцгүй газраар зам хөндлөн гарсны улмаас мөргүүлж бэртэл, гэмтсэн эсвэл амь насаараа хохирсон осол их гардаг.
Тухайлбал, 2019 онд зөвхөн Сүхбаатар дүүргийн хэмжээнд 15 хүн зам тээврийн ослын улмаас амь насаараа хохирсон. Үүний хоёр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос бол үлдсэн нь явган зорчигч байгаа юм. Ихэнх нь гарцгүй газраар зам хөндлөн гарахдаа машинд мөргүүлсэн байна.
Тиймээс иргэдийг гарцтай газраар зам хөндлөн гарч, согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна" хэмээлээ.