Цаг үеийн мэдээ

          Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийж байгаа. Өнөөдрийн /2020.02.14/ хэвлэлийн бага хуралд ЭМЯ, ГХЯ, ХХААХҮЯ, Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох хүмүүс оролцож, мэдээлэл өглөө.

       Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Засгийн газрын шийдвэрийн дагуу БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг эх оронд нь авчрах асуудлыг Гадаад харилцааны яаманд хариуцуулсан. Хөх хот, Шанхай, Эрээн хотод байгаа манай консулын газрууд монгол иргэдээ дахин бүртгэлжүүлэх ажлыг хийж байна. Иргэдийн мэдээллийг нэгтгэж үзэхэд 400 орчим иргэн байна. Хэрвээ эдгээр иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргавал ГХЯ нь ЭСЯ, Консулын газраараа дамжуулаад иргэдээ авчрах ажлыг зохион байгуулна. Нарийвчилсан зохицуулалтыг хийж байна. Эрээн болон Хөх хотоос эх орондоо ирэхээр галт тэрэгний тасалбар бичүүлсэн байсан иргэдийг авчрах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Нийт 50 орчим иргэн байгаа. Гадаад харилцааны яамны шуурхай утсаар мэдээлэл авч, өгч ажиллаж байна.

          Мөн Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-аас ирсэн иргэдээ хилээр нэвтэрсэн дариуд нь 14 хоног тусгаарлах арга хэмжээг авна. Дотоодын бүх холбогдох байгууллагуудтайгаа энэ ажлыг хамтарч зохион байгуулна. Тэгэхээр өнөөдрөөс эхэлж, БНХАУ-аас ирсэн иргэдээ 14 хоног тусгаарлана гэж ойлгох хэрэгтэй” гэлээ.

Таны сурталчилгаа