Цаг үеийн мэдээ

       “Covid-19” буюу шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо дэлхий даяар 69,104 болж, нас барагсдын тоо 1,666 болсон байна. Харин эдгэсэн хүний тоо 9,423 болжээ.

        Халдварын голомт болсон Хубэй мужид шинээр халдвар авсан хүний тоо буурсаныг эх сурвалжууд онцолж байна. Тус мужид бямба гаригт /2020.02.15/ халдварын улмаас 139 өвчтөн нас барж, 1,843 халдвар шинээр илэрсэн байна. Шинэ халдварын тохиолдлын 1,548 нь мужийн төв Ухань хотод бүртгэгджээ. Өмнөх өдөр нь буюу баасан гаригт /2020.02.14/ Хубэй мужид 139 өвчтөн нас барж, 2,420 халдвар шинээр илэрсэн юм.

Түүнчлэн коронавирусээр өвчилсөн Хятад улсын иргэн өчигдөр /2020.02.15/ Франц улсад нас барсан нь Европ тивд анхны, Хятадаас гадна бүртгэгдсэн дөрөв дэх тохиолдол боллоо. Өмнө нь Филиппин, Хонгконг, Японд тус бүр нэг хүн covid-19 халдварын улмаас нас барсан юм.

          Хятадын Төрийн зөвлөл өдөр бүр хэвлэлийн хурал хийж, коронавирусийн талаар өдөр тутмын шинэ мэдээ мэдээллийг дамжуулж байгаа билээ. Өчигдрийн хурлын үеэр Хятадын төв банк халдвар тарахаас сэргийлж бүх мөнгөн тэмдэгтүүдээ ариутгаж эхэлсэн талаар онцоллоо. 2017 оны судалгаагаар мөнгөн тэмдэгтийг нарийн шинжилгээгээр шинжилж үзэхэд нэг мөнгөн тэмдэгт дээр дунджаар 397 төрлийн бактери агуулагдаж байжээ. Мөн хэн нэгэн ханиад томуутай хүн тус мөнгөн тэмдэгтийг хэрэглэхэд вирус нь 12 хоног амьдрах чадвартай байсан аж. Харин энэ удаагийн шинэ төрлийн коронавирус аливаа эд зүйл дээр хэд хоног амьдрах чадвартайг хараахан нотолж чадаагүй байгаа ч урьдчилан сэргийлэх үүднээс энэ ажлыг эхлүүлжээ. Мөнгөн тэмдэгтүүдийг хэт ягаан туяагаар шарж ариутгаж байгаа гэнэ. 

Таны сурталчилгаа