Цаг үеийн мэдээ

/Хөрөг ярилцлага/

Б.Зоригт: – “Хаврын улирал, цас ханзарч, нар удаан жаргаж бүх зүйлс шинээр эхэлж буй мэт сайхан улирал. Энэ л улирал уран бүтээлч бидний хувьд уран бүтээлийн оргил үе юм даа”

Түүнийг Б.Зоригт гэдэг. Чихээр дамжин тархи оюуныг сэргээж, зүрх сэтгэлийг дурлуулагч хөгжмийг бүтээгч, бүтээгчийг хүмүүжүүлэн төлөвшүүлэгч энэ эрхэм хүмүүн бол Монгол Улсын Гавьяат Багш, МУ–ын Филармонийн Симфони найрал хөгжмийн хөгжимчин, ХБК–ийн Цохивор хөгжмийн багш билээ. 

Зө.мн: – Та уран бүтээлч хүн бас багш хүн. Хоёр мэргэжил, хос морийг эзэмшиж “маллаж” явах бэрх үү? 

Б.З: – Энэ хоёр ажлыг амжуулж явах нь тухайн үед миний сурч, амьдарч байсан социализмийн үетэй холбоотой юм. Хөдөлмөр практик хоёрыг хослуулна гэж ярьдаг шүү дээ. Улсын их симфони найрал хөгжимд мэдлэг чадвараа дайчилж, хөгжмийн хөгжлийг ахиулна гэдэг бидний мэргэжлийн хувьд зөв юм. Мөн шавь нартаа  сурч мэдсэн зүйлээ уламжлуулна гэдэг мэргэжлийн маань хувьд нэн чухал асуудал. Тэгэхээр энэ хоёр мэргэжил хоорондоо уялдаа холбоотой болж байгаа юм.  Уялдаа холбоотой хос морь бие биенээ дэмжинэ үү гэхээс хоёр тийш чангаахгүй дээ.

Зө.мн: – Авьяас хаа сайгүй байдаг уу? Эсвэл тухайлан хүнд заяасан байдаг юм уу? Та ер нь  хүүхэд байхдаа урлагт хэр авьяастай хүүхэд байсан бэ?

Б.З: – Сонсгол, ритм, ой тогтоолт, бие эрхтний тохироо гээд үндсэн 4 зэрэглэлээр авьяасыг шалгадаг. Миний энэ дөрвөн үзүүлэлт их өндөр байсан.  Би багадаа их сул биетэй хүүхэд байлаа. Ээж минь хүүхдэд дээрэлхүүлэхгүй гээд намайг урлагийн сургуульд оруулах их дуртай. Анх 5 дугаар ангидаа сургуулиасаа 3 хүүхдийн хамт шалгуулсан. Гэтэл нөгөө хоёр маань шалгалтын хоёрын даваанд унаад би гурвын даваанд тэнцэж үлдсэн. Гэтэл яг тэнцээд сургуульдаа орно гэж бодсон чинь нэг л биш ээ.  Сургуулиасаа ганцаараа, таних мэдэх хүнгүй их эвгүй санагдсан. Тэгээд ээждээ хэлэлгүйгээр хуучин сургуульдаа үлдчихсэн. Мэдээж хэрэг ээж мэдчихээд галтайгаа буусан даа. Ингээд Хөгжим бүжгийн дунд сургуульд (тухайн үеийн нэршилээр) 7 жилийн сургалтыг 5 жилд багтааж үзэх туршилтын сургалтад хамрагдаад элсэж орсон. Энэ бол ер нь санаандгүй тохиолдол юм. Нот ч мэдэхгүй амьтан 1973 онд цохивор хөгжмийн ангид орж байлаа. Эхлээд морин хуурын ангийг сонирхоод Г.Жамъян багшид шалгуулахад дэргэд нь н.Жамсран багш маань сууж таарсан. Г.Жамъян багш намайг “сонсгол ритм сайн хүүхэд байна, би авнаа л” гэлээ. Тэгээд “алив гарыг чинь харья” гэхэд нь юу ч мэдэхгүй амьтан гараа сарвайлаа. Гэтэл багш “өө гар чинь морин хуурт тэнцэхгүй юм байна” гэв. Миний ганц нэг хуруу далий байж л дээ. (инээв) Гэтэл н.Жамсран багш “тэгвэл энэ хүүхдийг би авна” гээд л бараг л шүүрээд авсан. Ингээд цохивор хөгжмийн ангид огт санаандгүй тохиолдлоор орсон юм даа. 

/Бодолхийлэв/ ... Авьяас уу? Авьяас хаа сайгүй байж л байдаг. Миний бодлоор хүүхдүүд ХБДС-д орохдоо бэлдэж орох нь өрөөсгөл санагддаг. Авьяастай хүн огт дуу дуулдаггүй, хөгжим тоглодоггүй байсан ч мэдэгддэг, мэдрэгддэг юм. 

Зө.мн: – Тэгвэл авьяасыг хэн яаж тордож, тодруулах ёстой юм бэ?

Б.З: – Их зөв асуулт байна. Миний сурч байх үед хамгийн үнэ цэнэтэй багш нар багшилж байсан даа. Дөрвөлжингийн Оюунцэцэг гээд багш байна. Миний багш. Энэ багш маань миний онцлогийг соргог мэдэрч намайг өндөр сонсголтой тусгай ангид оруулж, хөгжмийн онол сонсгол, соноршуулга гээд л заадаг байлаа. Ачаалал их, шаргуу хичээллэнэ. Түүний хүчинд бүх уралдаант шалгалтуудад тэнцээд ЗХУ-ын Казакстаны Алматагийн Хөгжмийн сургуульд элсэн орсон. Багшийнхаа гүнзгийрүүлэн зааж байсан тэр л хичээлүүдийг үзэж Казакстаны оюутнуудтай нэг ширээнд зэрэгцээд суухад би ялгараад гараад ирж байгаа юм. Тэр үед шипины эзэн нь би байлаа шүү дээ.  Бүгд л надаас хуулдаг байсан. Би багш нартаа маш их баярладаг.  Тэд л миний авьяасыг тордож, тодруулж өгсөн. Авьяас гэдэг ажилтан сэхээтэн хамаагүй байгалиас заяадаг бэлэг. 

              

Зө.мн: – Оюутан нас гэдэг хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй, хэзээ ч мартагдамгүй үе. Тэр тусмаа эх нутгаасаа хол сурч байх үеийн дурсамж хөгтэй хөгжилтэй гээд арвин байна биз?

Б.З: – Их сайхан шүү. Би улаан дипломтой төгссөн учраас ЗХУ-ын Казакстаны Алмата хотын хөгжмийн сургуульд элсэн 7 жил суралцсан. Тухайн үед миний орос хэлний мэдлэг харьцангуй сайн байсан боловч мэргэжлийн хичээлээ бэлтгэл ангиас нь үзэх нь зөв юм байна гэж бодсон. Тэгээд багшдаа бэлтгэлд орох хүсэлт тавьсан. Ингээд эхний жил бэлтгэлд сураад дараа нь үндсэн ангидаа орж 3 дугаар курсийг төгсөөд 4 дүгээр курсэд орох жилээ Алмата хотын Эрдмийн их найрал хөгжимд орж ажилласан. Би онц сурдаг байсан учраас багш мань  надад тэр найралд орж ажиллах санал тавьсан юм. Бод доо, оюутан надад бүхэл бүтэн 104 хүний бүрэлдэхүүнтэй их найрлын нэг баг болно гэдэг асар том бэлэг шүү дээ. Тэнд гурван жил тоглосон, 4 дэх жилдээ Ардын үндэсний хөгжмийн их найралд тоглосон. Долоо хоног бүр дэлхийн сонгодог сор бүтээлүүдийг мундгуудтай хамт хөгжимддөг байлаа. Ингэж л оюутан ахуй цагтаа хөгжим гэдэг энэ том ахуй руу эргэлт буцалтгүй орсон доо. 

Хүн төрөлхтний бүтээсэн том баялаг миний гэрт байна

Зө.мн: – Сураад давхар ажиллана гэдэг асар их хөдөлмөр шүү. Хааяа шантарч хөгжмөөс залхах үе гардаг байв уу?

Б.З: – Би ганц л зүйлд өөрөөрөө бахархдаг.  Одоо миний гэрт 400 гаруй ширхэг пянз бий. Монголд хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж пянзны цуглуулгаараа нэгт байдаг. Дараа нь би орно. Энэ бол миний бахархал.  Хүн төрөлхтний бүтээсэн том баялаг миний гэрт байна шүү дээ.  Би асар баян оюутан байлаа. Онц гардаг улиралдаа 91 рубль  авна. Хаа нэг  сайн гарна. Сайн гарсан улиралдаа 84 рубль авна. Дунд сурахгүй. Эрдмийн их найрал хөгжимд ажиллаад 104 рубль авна. Үүнийгээ юунд зарцуулах уу, зөвхөн пянзанд. Манай дотуур байрныхан намайг гайхдаг байлаа. Өдөржин үндэсний их найралд хөгжимдөж хөгжимдөж ирчихээд байрандаа шалаа угаасан ч пянзаа сонсож л байдаг, хоолоо хийсэн ч сонсож л байдаг байлаа. Ийм хүн яаж хөгжмөөс залхаж холдохов. Амьдралаа хөгжимгүйгээр төсөөлөхгүй... Байж боломгүй зүйл.

 Зө.мн: –  Таныг төгсөж ирэх үест иргэдийн хөгжмийн боловсрол хэр байв? Цохивор хөгжим гэдгийг бөмбөрөөр төсөөлдөг үе саяхан л байсан даа?

Б.З: – 2013 онд Монгол улсад мэргэжлийн сургалттай цохивор хөгжичин бэлтгэсний  50 жилийг тэмдэглэсэн. 1963 онд Жамсран багш маань Зөвлөлтийн мэргэжилтний хамт цохивор хөгжмийн ангийг нээгээд анх хоёр сурагч элсүүлж авсан. Нэг ширхэг дүлий бөмбөр, нэг пионер бөмбөртэй ангиа нээж байж.  Тэр үед материаллаг бааз гэж байхгүй.  н.Жамсран багш маань маш их уламжлалыг бидэнд үлдээсэн. Багш өөрөө маш их гарын ур дүйтэй учраас хуучин цагийн толины суурь зандан модыг ашиглаад хөгжим хийдэг байсан. Одоо ч миний хувьд бөмбөрөө хагарвал өөрөө ширлэнэ. Цохиурынхаа ишийг бэлтгэнэ. Бид хөгжмийн зэмсгээр л гадаад орноос хараат байна, тэрнээс бусад зүйлсээ өөрсдөө хийчихдэг юм. 

           

Би “Найруулга” тоглолтынхоо 10 дахь жилийн ой дээр ахиж тоглохгүй гэж үзэгчдэд хэлсэн

Зө.мн: –  Тасралтгүй 13 жил тоглосон “Найруулга” тоглолт яахын аргагүй таниар овоглогдоно.  Энэ олон жил тасралтгүй тоглолт найруулж, тавина гэдэг их ажил биш үү?

Б.З: –Цохивор хөгжмийн чуулга маань сүүлийн 10 гаруй жил тасралтгүй "Найруулга" тоглолтыг хийж байна. Манай анги ХБК-ын нэг анги боловч энд маш том уран бүтээл явагдаж байдаг. Энэ том уран бүтээлийг Монголын ард түмэн маань их сайн сонсдог. Уг тоглолт  дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлүүд эгшиглэдэг бөгөөд Монгол Улсын Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдогийн “Монголын сайхан орон” хөгжмийн бүтээлийг бүрэн эхээр нь тоглож байлаа. Гэхдээ би “Найруулга” тоглолтоо 10 дахь жилдээ хийсэн үдшээ үзэгчдэдээ “Дахиж ийм тоглолт хийхгүй гэж хэлж байсан. Учир нь арван жилийн хугацаанд биднийг дэмжих хүмүүс нь дэмжээд болчихсон юм шиг, дахиж тоглоход үзэх хүн олдохгүй ч юм шиг санагдаж байлаа. Зардал нэлээд гаргаад, тоглолтын дараа санхүүгийн үзүүлэлт хасах сууж байх тийм ч таатай биш. Гэсэн ч бид уран бүтээлийн төлөө, хүүхдүүдээ хөгжүүлэхийн төлөө, ядаж тэд маань үзэгчдийн өмнө чөлөөтэй тоглодог болоосой, хөгжим найруулдаг, зохиодог залуус гарч ирээсэй гэж бодсондоо Б.Ганхөлөг бид хоёр зүтгүүлж байлаа. Хоёрдугаарт ядарсан байсан. Найруулга гэдэг маань хөгжмийн зохиолуудыг цохивор хөгжмийн чуулгад зориулж найруулж, хөрвүүлж бичихийг хэлж байгаа юм шүү дээ. Нэг тоглолтын хөтөлбөрт багтсан зохиолуудыг найруулах гэж бүтэн жилийн ажил болдог. Эхний хэдэн жил би ганцаараа найруулдаг байлаа. Сүүлдээ оюутан, сурагчдаа дайчилдаг болсон. Харин тоглолт найруулж байсан хүүхдүүд дундаас одоо хөгжмийн зохиол бичиж эхэлж байна. Энэ бол тоглолтын чухал үр дүн. Мөн бага насны хүүхдүүдтэй ажиллах мэргэжилтнүүд олон талын мэдлэгтэй, хөгжим сонсож сурсан, соёлтой боловсон хүчнүүд байх ёстой гэж үзээд, оюутан сурагчдад заавал үзүүлэх ёстой юм байна гэж бодоод тоглолтоо үргэлжлүүлж хийсэн дээ. Хөгжим хүнийг төлөвшүүлж ухааруулж байдаг том хүчирхэг зэвсэг. 

Зө.мн: – Та хэр хатуу багш вэ?

Б.З: –Би ер нь зарчимч, хатуу талдаа орно. Гэхдээ  багш шавийн харилцаа эрхэм нандин. Зарим хүүхдээ төгсөөд явахад би хэдэн өдрөөр уйлдаг. Бодоод бахархаад л уйлаад л алхана шүү дээ. Жишээ нь н.Батцэцэг гэж их сайн, үнэтэй оюутан байна. Би “үнэтэй” гэж тодорхойлно. н.Золжаргал байна. Оюутан байхдаа хөгжим зохиосон, мундаг оюутнууд. Багш хүний амтыг ийм зүйлд л мэдэрнэ.(нулимс цийлэгнэв) Багш шавь хоёр амин судсаар холбоотой. 

Зө.мн: – Танайхыг урлагийн гэр бүл гэж сонссон?

Б.З: – Тиймээ. Эхнэр маань ХБК-ийн хуучрын багш. Миний том хүү З.Энхмөнх ХБК-ийн морин хуурын ангийг, дараа нь хөгжмийн онолчоор төгсөөд одоо “Kush and Oyuka” жааз хамтлаг байгуулж, бас хажуугаар нь тэс ондоо мэргэжлээр буюу “Aero Mongolia”-д ажиллаж байгаа. Залуу хүн хэрнээ төрөл бүрийн салбарт хүч сорьж байгаа болохоор том хүүгээрээ би маш их бахархдаг. Хүүгийн маань ганц дуртай зүйл нь сонгодог хөгжим байдагт эцэг хүний хувьд их олзуурхдаг юм. Тэр хүн хэн болох нь, юу хийх нь өөрийнх нь мэдэх хэрэг, харин сонгодог хөгжмийг үнэн голоосоо шимтэж, шүтдэгт нь л би хүүдээ баярладаг. Харин манай бага бол томтойгоо адил хэрсүү биш. Гэхдээ алтан толгойтой. Энэ алтан толгойн ашгийг гаргах цаг удахгүй ирнэ л гэж хүлээдэг. Манай бага ХБК-ийн төгөлдөр хуурын ангийн сурагч. Эхнэрийн минь хар залуугийн мөрөөдөл бол түүнийг төгөлдөр хуурч болгох байсан. Одоо бол бага хүүгийн маань боловсрол, мэдлэгт надаас илүү ээж нь их үүрэгтэй оролцдог юм. Бага хүү хөгжим зохиодог. Эхнэр “Чи засгийн хүүхдийг болохоор дээд зэргээр анхаарч, өвч бэлтгэж байгаа хэрнээ өөрийнхөө хүүхдийг ер тоохгүй юм” гэж намайг зэмлэдэг (инээв).

Зө.мн: – Танд баярлалаа. Таныг урлагийн Янжинлхам бурхан өнөд ивээг!

 

 

Таны сурталчилгаа