БНСУ-д хоёр монгол иргэн шинэ коронавирусийн халдвар авсан талаар мэдээлэл цацагдсан билээ. Энэ талаар Гадаад харилцааны яам яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.
Тэрээр "Солонгос Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг шалгасан. Өчигдөр албан ёсны мэдээллийг авахаар ажилласан. Солонгосын ХӨСҮТ-д нь манай улсын иргэнтэй холбоотой нарийвчилсан мэдээлэл байхгүй байсан. Тиймээс ЭСЯ-аар дамжуулан албажуулахаар ажиллалаа.
Манай улсын 28 настай иргэн Б хоёрдугаар сарын 23-нд Тэгү хотын дүүргийн эмнэлэгт ханиадны шинж тэмдэгтэй хандсан байна. Тухайн үед шинжилгээ хийлгээд хоёрдугаар сарын 27-нд COVID-19 халдвар авсан нь тогтоогдсон байна. Гэхдээ тухайн дүүргийн эмнэлгээс манай улсын иргэнд илэрсэн вирус нь маш бага хэмжээтэй байсан тул нэг удаагийн дуслын эмчилгээ хийлгэж, 14 хоног гэртээ тусгаарлах зөвлөгөө өгчээ.
Үүний дараа гуравдугаар сарын 6,7-нд хоёр удаагийн давтан шинжилгээ хийлгэж коронавирусгүй болох нь тогтоогдсон байна. Манай улсын иргэн одоо эрүүл саруул байгаа. Өөр нэг иргэний мэдээлэл давхар гарсан. Энэ нь элэгний хурц үрэвсэл өвчнөөр БНСУ-д эмчлүүлж байгаад нас барсан хүнийг Солонгосын хэвлэлд гаргасан байсан” гэлээ.