Өнөө өглөө 181 зорчигч бүхий Өмнөд Солонгосын зорчигч тээврийн нисэх онгоц тус улсын баруун өмнөд нутаг дахь нисэх онгоцны буудалд осолдсоны улмаас 28 хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэн тухай цагдаагийн газар, гал сөнөөх албанаас мэдээллээ.
Сөүлээс баруун өмнө зүгт 288 км зайд орших Муан хотын “Musan” олон улсын нисэх буудалд “Jeju Air” компанийн онгоц өнөө өглөөний 09:07 цагийн орчимд газардах үедээ хөөрөх, буух зурвасаас гарч, хашлага мөргөсний улмаас осол гарсан байна.
Ослын улмаас 28 хүн амиа алдсаныг холбогдох албаныхан баталжээ. Амь эрсэдсэн хүмүүс онгоцны сүүлний хэсгээс олдсон бөгөөд хохирогчдын тоо цаашид нэмэгдэх магадлал өндөр байна. Ослын улмаас онгоц ихээхэн сүйдэж, улмаар гал гарчээ.
Бангкокоос буцаж явсан онгоцонд хөлгийн багийн зургаан гишүүнийг оролцуулаад нийт 181 хүн сууж явсан байна. Зорчигчдын ихэнх нь Өмнөд Солонгосын иргэд байснаас гадна Тайландын хоёр иргэн зорчиж явжээ.
Гал сөнөөгчид галыг унтраасан бөгөөд ослын газарт эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Хууль сахиулагчид ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.