Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын (ШӨХТГ) дарга Б.Лхагва цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "ШӨХТГ-аас өдөр бүр улсын байцаагчид хяналт шалгалт хийж байна гэлээ. Тус агентлагаас улс оронд үүсээд буй онцгой нөхцөл байдалтай холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол гаргахгүй байхад хяналт тавьж ажиллах үүрэг болгосон.
Улсын их дэлгүүр дэх "Номин тав трейд" ХХК нь махны үнийг нэмж худалдааны хууль бус арга хэрэглэн хэрэглэгчийг хохироосон гэж үзэн ШӨХТГ-аас 20 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.
Улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь "Номин тав трейд" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан" гэсэн юм.
ШӨХТГ-аас энэ оны гуравдугаар сарын 12-оос 16-ны хооронд "Номин тав трейд" ХХК буюу Улсын их дэлгүүрт шалгалт хийхэд хонины ястай махыг 1 кг тутамд 1500, үхрийн ястай махыг 2000, үхрийн цул махыг 3500 төгрөгөөр нэмсэн байжээ. Тухайлбал үхрийн цул мах 14499 байсныг 17999 төгрөг болгосон байна.