Нийслэлийн Засаг даргын “Гэр оронгүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” А/345 захирамжаар нийслэлийн холбогдох байгууллагууд хамтран томоохон худалдааны төв, захууд, авто вокзал, орц хонгил, гудамж талбайд хоноглодог, архины хамааралтай орон гэргүй 400 гаруй иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн, түр байршуулан үйлчилж буй юм.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд ажиллалаа.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд орон гэргүй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад архаг хууч өвчинтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа аж. Одоогийн байдлаар сүрьеэтэй 12 иргэнийг тусгаарлан эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулж хяналт тавьж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр хэллээ.
Тус төвд 382 иргэнийг байршуулан эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бөгөөд 154 иргэнийг ар гэрт нь хүлээлгэж өгчээ. Одоогийн байдлаар 145 иргэн түр байршиж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдан 12 төрлийн үйлчилгээг авч байна.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Г.Цэрэндулам хэлэхдээ “Халдвар тээх өндөр магадлалтай учраас эдгээр иргэдэд халдвараас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнээс гадна сэтгэл зүй, соёл хүмүүжлийн арга хэмжээ, хөдөлмөр эрхлэлтэд хамруулах, бичиг баримтжуулах зэрэг үйлчилгээнд хамруулж байна” гэлээ. Мөн Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл барих асуудлаар санал солилцжээ.