Цаг үеийн мэдээ

Хүний дархлаа амархан суларч, ядаргаанд өртдөгийн шалтгааны талаар СЭМҮТ-ийн стрессний шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиникийн эмч Ц.Мөнхтуултай ярилцлаа.

Зө.мн:  Биед илрэх ямар шинж тэмдгийг ядаргаа гэж үзэх вэ? Яагаад хаврын улиралд илүүтэй ядардаг вэ?

Ц.М: - Сульдаад, толгой өвдөөд, ямар ч эм хэрэглэсэн зүгээр болохгүй байвал энэ нь ядаргаа илэрч байна гэж ойлгож болно. Хаврын улиралд газар гэсэхтэй холбоотойгоор хүний биед өөрчлөлт орж, ядардаг..

Зө.мн: Өвлийн улиралд хангалттай ногоо хэрэглэхгүй, мах их хэрэглэдэг. Ингэснээр уургийн дутагдлаас үүдээд дархлаа суларч ядаргаанд орж болох уу?

Ц.М: - Өвлийн улиралд хүмүүс амьтад шиг л ичээнд орж байдаг. Харин хавар болж, цаг өөрчлөгдөж, хүний сэтгэл санаанд өөрчлөлт орж, биед ядаргаа үүсч, амархан сульддаг. Өвлийн улиралд шим тэжээлтэй ногоо, хоол хүнс дутагдалтай байвал хавар ядрах талтай гэсэн судалгаа ч байдаг.

Зө.мн: Ядаргааг ихэвчлэн бие организмаараа мэдрээд байдаг учраас ядаргаанд орлоо гэдэг. Харин тархи, мэдрэл, сэтгэц зэргээрээ мэдэрч ядрах  тохиолдол байдаг уу?

Ц.М: -Ядаргаанд үндсэн дөрвөн бүлэг шинж тэмдэг илэрдэг. Бие махбодоосоо гадна сэтгэл санаа, биеийн өвчлөлүүдээр илэрч байдаг. Нэгдүгээрт бие сульдлын шинжүүд орно. Үүнд юу илэрдэг вэ гэхээр ажлаа хийсэн ч гараас гарахгүй, залхуу хүрээд байдаг. Сэтгэлзүй, оюун санааны тал дээр амархан мартах, анхаарал төвлөрөхгүй болж эхэлдэг. Цочирлын шинжүүд дараагаар ордог. Энэ нь хүний зан байдал өөрчлөгдөж, маш амархан уурлаж, эмзэг болдог. Үүнээс гадна гэрэл, дуу чимээг хүлээж авч чадахгүй, өрийгөө бусдаас тусгаарлах гэдэг. Мөн анхны шинж тэмдэг нь гар хөлөрнө. Цаашлаад толгой өвдөх, шөрмөс татах, булчин бадайрах гэх мэт шинж илэрдэг. Эдгээр шинж илэрвэл ядаргаанд орж эхлэх гэж байна гэж үзэж болно.

Зө.мн: Ядаргаанд орчихсон хүн эмчилгээ хийхгүй явбал ямар үр дагаварт хүрэх вэ?

Ц.М: -Зарим иргэд эмчлүүлэхгүй явснаас болж сэтгэцийн болон бие махбодийн хүнд өвчинд өртдөг. Цаашлаад биеийн архаг хууч өвчин болон биеийн эмгэгүүд болох ходоодны шарх, таргалалт, чихрийн шижин өвчин үүсдэг. Эдгээр өвчин нь ядаргааны сууриас үүдэлтэй. Судлаачдын үзэж буйгаар 21-р зууны хамгийн хүнд өвчин бол архаг ядаргаа. Хэрэв ядаргаанд ороод гурван сарын хугацаа өнгөрсөн бол заавал мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авах ёстой.

Бүх өвчний суурь бол ядаргаа. 

Зө.мн: Ядаргаанд оруулдаг, донтуулдаг, цаашлаад ядаргааг хүндрүүлдэг ямар тохиолдол байдаг вэ?

Ц.М: -Ядаргаанд бүх насныхан өртөнө. Орчин үеийн ухаалаг хэрэгслүүд хүмүүсийн ядаргаанд орох нэг шалтгаан болдог. Хязгаарлалтгүйгээр утас, зурагт үзэх нь ядаргаа үүсгэх нөхцөл бүрдүүлдэг. Мөн амьдралын буруу хэвшил, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, хооллолтын буруу дэглэм, архаг хууч, биеийн өвчлөлүүд, нойрны алдагдал зэрэг нь мөн нөлөөлж ядаргаа үүсгэдэг.

Зө.мн: Нойрыг хэрхэн авах вэ? Өдөрт хэдэн цаг унтах ёстой вэ?

Ц.М: -Бага насны хүүхэд биеийн эрч хүч, өсөлтөө нойроороо авч байдаг. Насанд хүрсэн хүмүүс 6-8 цаг унтах нь зохистой гэж үздэг. Нас явах тусам унтах нь багасна. Байнга гар утас оролдож, зурагт үзэх нь нойрыг хүргэхгүй, нойрны дэглэм алдагдуулдаг.

Зө.мн: Хүн хэдэн цагт унтаж байх нь зохистой вэ?

Ц.М: -Тухайн хүн өөрөө хэдэн цагт унтаад хэдэн цагт сэтгэл ханамжтай сэрнэ тэр нь л хүнд хэрэгтэй.

Зө.мн: Өдөр ажлын ачаалалтай ядрахаас илүүтэй шөнө унтахгүй байж ядрах нь ядаргаанд оруулдаг уу?

Ц.М: -Их ядарсан хэрнээ шөнө унтахгүй байх нь ядаргаанд орсон гэсэн шинж тэмдэг. Учир нь маш их ядаргаанд орсон бол яаж ч ядарсан шөнө унтахаа больдог.

Зө.мн: Ядаргаанаас урьдчилан сэргийлэх арга?

Ц.М: - Юуны түрүүнд амьдралын буруу хэвшлээсээ салах. Учир нь хэт ажилдаа баригдаад амрах цаг зав гаргадаггүй. Ер нь бол агаар салхинд гарах, спортоор хичээллэх нь ядаргаанаас сэргийлэх нэг хүчин зүйл болдог.

Зө.мн: Ядаргаа үүсч эхэлж байгаа үед амьдралын зөв хэвшлийг бий болгоход тухайн хэвшилдээ дарагддаг уу, эсвэл заавал эмчилгээ хийлгэх шаардлагатай юу?

Ц.М: -Шинж тэмдгүүд улам даамжраад, олон шинж тэмдэг илрээд, байдал зургаагаас дээш сар үргэлжилвэл заавал мэргэжлийн эмчид хандана. Энгийн гайгүй үе дээрээ байвал сайн унтаж амарч, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Зө.мн: Эмчлэгддэггүй ядаргаа гэж байдаг уу?

Ц.М: -Ядаргаа нь хамгийн эмчлэгдэх боломжтой өвчлөлд тооцогддог.

Зө.мн: Ядаргааг эмчлүүлээгүйгээс болоод нүдээ анивчих зэрэг рефлекстэй болсон хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс хэр эмчлэгддэг вэ?

Ц.М: -Яг ямар шалтгаанаас ядаргаа үүсч байгааг тодорхойлно. Жишээ нь сэтгэл санааны сөрөг мэдрэмжүүдээс үүссэн бол сэтгэл засалчтай хамтарч эмчилнэ.

Зө.мн: СЭМҮТ дээр ядаргаанаас болж хичнээн өвчтөн ирж эмчлүүлдэг вэ? Яг ямар эмчилгээ хийдэг вэ?

Ц.М: -Гол эмчилгээ нь сэтгэл заслын эмчилгээ, физик эмчилгээ байдаг. Шаардлагатай тохиолдолд бусад эмийн эмчилгээ хийдэг. Биеийн алжаалыг тайлах, бие махбодыг эмчлэхээр физик эмчилгээ хийдэг.

Зө.мн: Ярилцсанд баярлалаа.

Таны сурталчилгаа