АИ-92 шатахууны үнэ өнөөдрөөс литр тутамдаа 50 орчим төгрөгөөр буурч байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газараас /АМГТГ/ мэдээллээ.
Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тос хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: "Даваа гарагаас эхлээд хямдарсан үнээрх шатахуунууд орж ирж эхэлсэн.
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурснаар АИ-92 шатахууны үнэ тонн тутамдаа 58 ам.доллараар хямдарч орж ирж байна.
Ингэснээр шатахууны үнэ литр тутамдаа 120-130 төгрөгөөр хямдрах нөхцөл бүрдсэн ч ам.долларын эсрэг төгрөгийн ханш суларсантайгаар холбоотойгоор 70-80 төгрөг хасагдахаар байгаа. Иймд 50 орчим төгрөгөөр буурах болж байна" гэлээ. Дизель түлшний тухайд онцгой албан татвартай тул одоогоор үнэд өөрчлөлт орохгүй юм байна.
Өнөөдөртөө багтаад бүх ШТС-ууд үнээ буулгана гэдгийг тэрбээр нэмж хэллээ. Ингэснээр АИ-92 шатахууны үнэ 1,800-аас бууж орж ирэх юм.