Цаг үеийн мэдээ

Гадаад дотоод гоо сайхныг нэгэн биед цогцлоож, тэрхүү гоо үзэсгэлэнгээрээ миссийн титэм тэргүүндээ залж, хийсэн ажил, хэлсэн үг, бүтээсэн дүрүүд гээд бишрэм төрх, бие авч явах үлгэр жишээ дүүрэн нэгэн бүсгүйн гоо сайхны жорыг уншигч та бүхэнд толилуулж байна. Тэр бол мисс Б.Батцэцэг юм. 

 

АРЬСАА АРЧЛАХ ЖОР

 

Арьсны эрүүл мэнддээ хамгийн их анхаардаг мисс бүсгүй маань нүүрний гэлтгүй биеийн бүх арьсаа адилхан арчилж тордохыг хичээдэг. Тэрээр холимог арьстай учраас арчилгаа их шаарддаг гэнэ.  Зураг авалт, загварын шоу зэрэг ажлын онцлогоос шалтгаалж үс болон нүүрээ байнга будуулж янзлуулдаг учраас дараа нь үс арьсандаа маш сайн арчилгаа явуулахгүй бол гэмтчих гээд байдаг. Тиймээс арьсаа маш сайн цэвэрлэхийг зорьдог байна. 

 

Нүүрээ цэвэрлэх дараалал: 

 

1.        Будаг арилгагчаар нүүрний будгаа нэгд нэгэнгүй арчиж цэвэрлэнэ. 

2.        Нүүрний савангаа сайн хөөсрүүлж угаана.

3.        Үлдэгдэл бохирдлыг сүүн шингэнээр цэвэрлэж авна. 

 

Тэрээр долоо хоногт нэг удаа мэргэжлийн гоо сайхны эмнэлэгт нүүрний массажинд ордог байна. 

 

Зөгийн балан татлага:

 

Бүсгүй хүн бүрт өөрийн арьсаа арчлан тохирсон жор гэж бий. Б.Батцэцэгийн хувьд 14 хоногтоо нэг удаа чихэргүй, сайн чанарын зөгийн балаар таван минут нүүрэндээ хөнгөн татлага хийдэг байна. Энэ нь арьсыг чангаруулж, илүү сэргээж, бас тэжээл өгдөг нь татлага хийсний дараагаас шууд мэдрэгддэг гэнэ лээ. 

 

МИНИЙ ХООЛНЫ ЖОР

 

       

 

Жингээ барих шаардлага түүний ажлын онцлог. Тиймээс байнгын формд байх хэрэгцээ шаардлагатай байдаг учраас аль болох амин дэмээр баялаг ногоо ихтэй хоол хүнс түлхүү хэрэглэдэг байна. Мөн тэрээр цагаан гурилан бүтээгдэхүүнээс бүрэн татгалзаж, орой 19 цагаас хойш хүнд хоол иддэггүй байна. Тэрээр өглөө босуут хоёр аяга бүлээн ус уусны дараа чанасан өндөг иддэг. Харин өдрийн хоолондоо хүссэн махан хоолоо идэж, орой хөнгөн зууш иднэ. Мөн аль болох шөлтэй хоол сонгож хийж идэхийг хичээдэг байна. 

 

ЖИНГЭЭ БАРИХ ЖОР

 

       

Тэрээр цаг зав гарвал аль болох спортоор хичээллэж, биеэ хөгжүүлэхийг зорьдог. Б.Батцэцэг ихэвчлэн фитнессээр хичээллэж хөлсөө гаргах дуртай. Мөн найз нартайгаа зааланд тоглож идэвхтэй хөдөлгөөнтэй байх аргыг хайдаг байна. Тэрээр жингээ хасахыг хүсэж байгаа охид бүсгүйчүүддээ фитнессээр идэвхтэй хичээллэхийг сацуу хоолны нарийн дэглэмийг давхар барихыг зөвлөж байна. Фитнессэр хичээллээд хүссэн жиндээ очиж чадахгүй байгаа бүсгүйчүүд нэн тэргүүнд хоолны дэглэм дээр алдаа гаргадгийг тэрээр сануулж байна. 

 

ГОО САЙХНЫ ДОТНО ЗӨВЛӨГЧ

 

     

 

Түүний гоо сайхны үнэнч зөвлөгч нь  ээж нь. Жаахан охин байхаас нь арьсаа хэрхэн зөв арчлах, эрүүл хүнс зөв сонгож хэрэглэх, эрүүл мэндээ хайрлан хамгаалах тухай олон зүйлсийг байнга зааж зөвлөсөөр иржээ. Багаас олж авсан гоо сайхны хүмүүжлээ өдгөөг хүртэл дагаж, илүү ихэд суралцаж яваа мисс бүсгүйдээ сайхан бүхнийг хүсье.

Таны сурталчилгаа