Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нэг хэсэг олны өмнө үзэгдээгүй нь эрүүл мэндийн шалтгаантай бус харин улс оронд нь коронавирус дэгдсэнтэй холбоотой байж болзошгүй хэмээн Өмнөд Солонгосын тагнуулын алба үзэж байна.
Хойд Солонгос нь коронавируст өртөөгүй дэлхийн цөөхөн орнуудын тоонд багтаж байгаа юм. Дотоодод нь халдвар бүртгэгдээгүй хэмээн дэлхийн эрүүл мэндийн байгууллагад танилцуулж байгаа ч, бодит байдал дээр халдварын тархалт өндөр, иргэд нь хүнс болон өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ урт дараалал үүсгэн сандралдан худалдан авч байгаа талаар Өмнөд Солонгосын тагнуулын алба парламентдаа танилцуулсан байна.
Хэрэв энэ үнэн бол Хойд Солонгосын эрүүл мэндийн систем нь сайн хөгжөөгүй учир цар тахалд ард иргэд нь асар их хохирол амсаж болзошгүйг өмнөд хөрш нь анхааруулж байгаа юм. Хойд Солонгост энэ оны нэгдүгээр сард Хятадтай хиллэх хилээ хаахаас нь өмнө коронавирусний халдвар орж ирсэн байх магадлалтай юм байна.
25 сая гаруй хүн амтай БНАСАУ худалдааны болон тусламжийн хамгийн том түнш орон нь болох Хятадтай хилээ хаасан нь эдийн засагт нь хүндээр нөлөөлж байгааг Өмнөд Солонгосын албаныхан хэлж байна.
Эх сурвалж: Associated press