Цаг үеийн мэдээ

Дэлхийн 2 дугаар дайнд нацист Германыг дарсан ялалтын баярыг Европын орнуудад болон АНУ-д 5 дугаар сарын 8-нд буюу ОХУ-аас нэг өдрийн зөрүүтэй тэмдэглэдэг билээ. Энэ жил коронавируст цар тахлаас шалтгаалан ялалтын баярын 75 жилийн ойг Европын орнуудад баярын жагсаал, олон нийтийг хамарсан арга хэмжээгүйгээр тэмдэглэн өнгөрүүллээ.

Их Британид ялалтын баярт зориулж Лондон, Кардифф, Эдинбург, Белфастийн тэнгэрт нисэх хүчний цэргийн онгоцууд агаарын үзүүлбэр толилуулсан байна. Уэльсийн хунтайж Чарльз гэргийнхээ хамтаар дэлхийн 2 дугаар дайнд амиа алдсан эрэлхэг дайчдын дурсгалыг хүндэтгэж, нэг минут дуугаа хураах ёслолд оролцсон байна. Мөн тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон нэр нь үл мэдэгдэх цэргийн бунханд лаа асааж, хүндэтгэл үзүүлсэн байна.

Энэ жил 94 настай Их Британийн хатан хаан 2 дугаар Элизабет ялалтын баярын 75 жилийн ойд зориулж Лондоны цагаар 21:00 цагт телевизээр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ: “ Хэдийгээр өнөөдөр бид энэхүү чухал ойн баярыг тэмдэглэж чадахгүй байгаа ч хүн бүр гэртээ бидний төлөө амиа алдсан эрэлхэг дайчдынхаа дурсгалыг хүндэтгэх хэрэгтэй” гэсэн байна.

75 жилийн өмнөх яг энэ цагт түүний эцэг VI Жорж хаан ард түмэндээ хандан дэлхийн 2 дугаар дайн дууссаныг албан ёсоор мэдэгдэж байсан юм.

Дэлхийн 2 дугаар дайн дууссаны 75 жилийн ойг тохиолдуулан Германы Ерөнхийлөгч Франк Уольтер Штайнмайер, Канцлер Ангела Меркель нар дайнд амиа алдагсдын дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөж, нэг минут дуугаа хураасан байна.

Франц улсад мөн ялалтын баярын өдөр гудамж талбай эзгүй хоосон байлаа. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон генерал Шарль Де Голлийн хөшөөнд цэцэг өргөсөн байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа