Дэлхийн 62 орон оролцож, дэлхийн нийт хүн амын 80 орчим хувийг хамран, 70 сая орчим хүний амь насыг авч одсон хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том хар толбо болсон дэлхийн 2 дугаар дайн дууссаны 75 жилийн ой энэ өдөр тохиож байна.
Түүхийг эргэн сөхвөл Фашист Герман дайнд үг дуугүй бууж өгөх гэрээ 1945 оны 5 дугаар сарын 7-нд Францын Реймс хотноо байгуулагдаж байсан юм.
Дайнд ялагдснаа хүлээн зөвшөөрч, бууж өгөх тус гэрээнд нацист Германы зэвсэгт хүчний дээд удирдлагын штабын дарга, хурандаа генерал А.Йодл гарын үсэг зурж байсан юм. Түүхэн энэхүү баримт бичигт ЗХУ-ыг төлөөлж генерал Иван Суслопаров, АНУ болон Их Британийг төлөөлөн холбооны зэвсэгт хүчний штабын дарга генерал Уолтер Смит, Францын армийг төлөөлж Генерал Франсуа Севеза нар оролцон гарын үсгээ зурж байсан юм. Энэ гэрээ 5 дугаар сарын 8-нд хүчин төгөлдөр болсноор Европт ялалтын баярыг 5 дугаар сарын 8-ны өдөр тэмдэглэдэг болсон юм.
/1945 оны 5-р сарын 8 Их Британийн Ерөнхий Сайд Черчилл хааны гэр бүлийнхний хамт дайн дуусгавар болсныг албан ёсоор зарлаж байгаа нь/
Харин Реймсийн гэрээнд ЗХУ-ыг төлөөлсөн генерал Суслопаровт Москвагаас тус гэрээнд гарын үсэг зурах зөвшөөрөл олгоогүй байсан байна. ЗХУ-ын удирдагч Сталин Реймсийн гэрээг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж өөр гэрээ байгуулахыг шаардаж байсан юм. Түүний шаардлагын дагуу улаан армийн эзэлж авсан Берлины ойролцоох Карлхорстод 5 дугаар сарын 8-ны орой Төв Европын цагаар 22:43, Москвагийн цагаар 23:43 цагт нацист Германы үг дуугүй бууж өгөх тухай өөр нэгэн гэрээ байгуулагдаж байсан юм.
Германы генерал Вильгельм Кейтель үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурж байгаа нь
Москвагийн цагаар 5 дугаар сарын 9-ны 00:01 цагт хүчин төгөлдөр болсон энэхүү 2 дахь гэрээг үндэслэж ЗХУ дэлхийн 2 дугаар дайн дуусгавар болсон хэмээн үзэж ялалтын баярыг 5 дугаар сарын 9-нд тэмдэглэдэг болсон юм.
Энэ дайнд тухайн үеийн ЗХУ хамгийн их хохирол амсаж 27 сая гаруй хүнээ алдсан юм. Дэлхийн 2 дугаар дайн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайнд тооцогддог юм. Тус дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар 4 триллион ам.доллар болсон байна.