Цар тахлаас шалтгаалан ОХУ-д ялалтын баярын сүрт жагсаалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа ч, эх орны дайнд амь үрэгдсэн эрэлхэг дайчид болон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ олныг хамралгүйгээр зохион байгуулагдаж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа Их Эх Орны дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Александрын цэцэрлэгт хүрээлэн дэх нэр нь үл мэдэгдэх дайчны шарилын дэргэдэх мөнхийн галд цэцэг өргөсөн байна. Цэцэг өргөх энэхүү ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгчийг албаны олон хүн дагалддаг байсан бол энэ удаад коронавирусээс шалтгаалан Владимир Путин дагалдах хүнгүйгээр ганцаараа энэ ёслолд оролцсон байна.
Мөнхийн галын өмнө нэг өвдөг дээрээ сөгдөн сууж хүндэтгэл үзүүлснийхээ дараа Ерөнхийлөгч Владимир Путин ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн байна.
“Ялалтын баяр бол бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх юугаар ч хэмжээлэшгүй чухал бахархалт өдөр юм. Дайны он жилүүдэд галын шугамд болон арын эгнээнд мөр зэрэгцэн зогссон зөвлөлтийн зоригт ард түмэн болон эрэлхэг дайчдад бид гүнээ хүндэтгэл үзүүлж байна. Тэдний эр зориг, эв нэгдэл, эрэлхэг байдалд цаг хугацаа хэзээ ч захирагдахгүй. Тэд эх орноо, ирээдүй хойч үеэ аварч, Европыг чөлөөлж, энх тайвныг бий болгосон юм.” хэмээн Владимир Путин ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ дурдсан байна.
Ахмад дайчдад эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөсөн тэрээр дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугаа хураасан байна. Путиныг ирэхтэй холбогдуулан Александрын цэцэрлэгт хүрээлэнгийн орох хаалгыг өчигдрөөс хааж, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.
Эх сурвалж: НТВ, ВВС