Цаг үеийн мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн ажиллаж, амьдардаг Цагаан ордонд сүүлийн хоёр өдөр дараалан коронавирусний халдвар тээгч илрээд байна.

 

Баасан гарагт АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнсийн хэвлэлийн төлөөлөгч Кэти Миллерийн шинжилгээний хариу эерэг гарч, халдвар авсан нь тогтоогджээ.

 

Тэр Дональд Трампын цагаачлалын асуудал хариуцсан зөвлөх Стефэн Миллерийн эхнэр юм. Үүний өмнөх өдөр нь ерөнхийлөгч Трампын хувийн туслахаас мөн коронавирусний халдвар илэрч байв.

 

Туслахаас нь халдвар илэрсний дараа сэтгүүлч Трампаас түүний зоогийг бэлтгэдэг Цагаан ордны ажилчид амны хаалт зүүж байгаа эсэхийг асуухад “Тэд бүгдээрээ зүүгээд эхэлсэн” гэж ерөнхийлөгч хариулжээ.

 

Цагаан ордны албаныхны мэдээлснээр Дональд Трамп болон Майк Пэнс нарыг өдөр бүр шинжилгээнд оруулж, халдвар авсан эсэхийг нь шалгаж байгаа гэнэ. Сүүлийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын 1,279,546 тохиолдол бүртгэгдэж, 76,706 өвчтөн нас бараад байгаа нь дэлхийд хамгийн муу үзүүлэлт болж байна.

 

Эх сурвалж: Reuters

Таны сурталчилгаа