Цаг үеийн мэдээ

Аугаа Их Эх Орны дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын нисэх хүчин Москвагийн тэнгэрт агаарын парадыг толилууллаа. Агаарын парадыг нээж уламжлал ёсоор дэлхийн хамгийн том цэрэг тээврийн нисдэг тэрэгт тооцогддог Ми-26 болон дөрвөн Ми-8 нисдэг тэрэг Москвагийн тэнгэрт хөөрсөн байна.

Тэдгээрийн араас цохилт өгөх таван Ми-35М болон мөн тооны Ка-52 нисдэг тэргүүд нислэгийн үзүүлбэрээ үзүүллээ.

Агаарын парад Су-24М фронтын бөмбөгдөгч онгоц болон дөрвөн МиГ-31К сөнөөгч онгоцуудын үзүүлбэрээр үргэлжилсэн юм. Мөн 5 дугаар үеийн Су-57 дөрвөн  сөнөөгч онгоц 75 жилийн ойн баярт нэгдсэн байна.

Үүний араас бөмбөгдөгч онгоцууд болох Су-34, Су-35С, Су-30СМ онгоцууд улаан талбайн дээгүүр нисч өнгөрсөн байна.

Дараа нь домогт “Русские витязи” болон “Стрижи” нислэгийн багуудын МиГ-29, Су-30СМ онгоцууд ромбо дүрс үүсгэн ниссэн юм.

Харин агаарын үзүүлбэрийг уламжлал ёсоор Су-25 загварын зургаан дайрагч онгоц тусгай утааны тусламжтайгаар Оросын төрийн далбааны гурван өнгийг агаарт гаргаснаар агаарын парад өндөрлөлөө.

Ялалтын баярт зориулсан агаарын парадыг Москвагийн иргэд коронавирусний хөл хорионоос шалтгаалан тагтан дээрээсээ үзэж сонирхосон байна.

Эх сурвалж: НТВ

Таны сурталчилгаа