Цаг үеийн мэдээ

“А” бүлгийн цустай хүмүүс коронавирусyний халдвараар өвчлөх магадлал илүү өндөр байгааг Хятадын эрдэмтэд өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байсан. Тэгвэл дээрхтэй ижил судалгааг ОХУ-ын Холбооны анагаах ухаан, биологийн агентлагийн дарга Вероника Скворцова танилцуулжээ. Түүний мэдээлснээр ОХУ-д коронавирусний халдвараар өвчилсөн хүмүүсийн олонх нь “А” бүлгийн цустай бол “O” болон “B” бүлгийн цустай өвчтөнүүд харьцангуй бага, “AB” бүлгийн цустай хүн ховор байна.

Үүний зэрэгцээ ОХУ-д халдвартай нийт өвчтөнүүдийн тал нь, Москва хотод бүр 60 орчим хувь нь ямар нэгэн шинж тэмдэггүй байгааг Вероника Скворцова онцолжээ. Мөн коронавирусний халдварын хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд дархлааны эсрэг бие цөөн байгааг судалж тогтоожээ. Түүнчлэн COVID-19 өвчнөөр хүндэрч, уушги орлуулагч аппаратад орох өвчтөнүүдийн тоо цөөрч байгаа аж.

ОХУ-д халдварын тоо 280 мянга давсан боловч тархалт тогтворжиж байгааг Вероника Скворцова мэдэгдсэн байна.

Уушгины үрэвсэл үүсгэгч коронавирусний халдварт өвчнөөр дэлхий дахинаа 4,8 сая хүн халдварлаж, 316 мянга гаруй хүн нас бараад байна.

 

ЭХ СУРВАЛЖ: TASS

Таны сурталчилгаа