Дэлхий дахинд тархаад буй коронавирусний халдварыг зогсоохын тулд орон орны эрдэмтэд олон төрлийн судалгааг хийж, элдэв төрлийн аргыг сүвэгчлээд байна. Тэгвэл Central Florida их сургуулийн хэсэг эрдэмтэд коронавирусний тархалтыг саармагжуулах нэгэн сонирхолтой арга олжээ. Тодруулбал тэд ханиалганы эсрэг цардуултай чихэр боловсруулахаар ажиллаж байгаа гэнэ. Одоогоор энэхүү төсөл нь 200,000 ам.долларын санхүүжилт аваад байгаа аж.
Ямар ч төрлийн вирус, тэр дундаа коронавирус нь ханиалгаж, найтаахад шүлсээр дамжин халдварладаг. Тэгвэл цардуул нь шүлсийг илүү зунгааралдсан, өтгөн болгох бөгөөд үр дүнд нь шүлс агаарт цацрах бус газарт унах юм.
Судалгааны үр дүнд шүлсний бүтцийг өөрчилснөөр вирусийн тархалтын радиусыг багасгах боломжтой нь тогтоогдсон байна. Урьдчилсан дүгнэлтээр цардуултай чихрийг амны хаалттай хослуулан хэрэглэснээр халдвар тархах зайг 60 см хүртэл багасгах боломжтой гэжээ.
Эх сурвалж: Бюро.мн