Цаг үеийн мэдээ

Франц дахь нөхцөл байдлыг 3 дугаар сарын 14-нөөс онцгой байдлын 3 дугаар шатанд шилжсэн гэж үзэн 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тогтоосон хөл хориогоо 5 дугаар сарын 11-ний өдрөөс аажмаар буюу үе шаттайгаар сулруулж байна. Хөл хориог цуцалснаар иргэд гэрээсээ 100 км зайтай газар чөлөөтэй зорчих боломжтой болох бөгөөд олон нийтийн газар зорчихдоо хүн хоорондын зай 1 м чанд баримтална. 

Хөл хорионы дэглэмийг сулруулснаар халдварын эрсдэл буцаж өсөх магадлалтай тул зарим хязгаарлалтуудыг тавихаар болсон байна. Эдгээрээс заримыг нь дурдвал,

- Бага сургууль, цэцэрлэгийг 5 дугаар сарын 11-ний өдрөөс нээхтэй холбогдуулан халдваргүйжүүлэлтийн болон аюулгүй байдлын арга хэмжээг авахаар төлөвлөсөн. Тухайлбал, цэцэрлэгт нэг ангид 10, сургуульд 15-аас дээш хүүхэд нэг дор хичээллэхгүй, улаан бүсэд буй газруудад сургуулиуд нээхгүй байх, өдөрт 2 удаа амны хаалтыг солих, гараа ариутгаж байх,

- Төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийг боломжтой бол ажилчдыг гэрээс нь ажиллуулах нөхцөл, боломжоор үргэлжлүүлэн хангах, 

- 11 ба түүнээс дээш насны хүүхдүүд заавал амны хаалт хэрэглэх, 

- Нийтийн тээврийн 50 орчим хувь нь олон нийтэд үйлчлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан ажилдаа явж байгаа иргэд ажлын газраасаа зөвшөөрөл бүхий бичгийг биедээ авч явах,  

- Урьдчилан сэргийлэх зорилгоор оношилгооны цэгүүдийг нэмэгдүүлэх,

- Дэлгүүр, номын сан, жижиг музей 5 дугаар сарын 11-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Хоолны газар, кафе, том талбайтай зочид буудал, кинотеатр, дэлгүүр зэрэг олон нийтийн газрууд 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хаалттай хэвээр байна.

Франц улс хөл хориогоо цуцалсны дараах амралтын өдөр буюу 5-р сарын 17-нд Парис хотын иргэд дугуйтай зорчих, Сейн мөрний хөвөөнөө зугаалах, гүүрэн дээр нарлах, Бастилийн өргөн талбайн задгай худалдааны дэлгүүрт худалдан авалт хийх зэргээр амралтын өдрөө өнгөрүүлж байлаа.

 

Таны сурталчилгаа