Коронавирусээс болж нийгэмд тогтсон хэв маяг өөрчлөгдөж байгаагийн нэг жишээ спортийн ертөнцөд ажиглагдаж байгаа билээ. Үзэгчдийн уухай, хөгжөөн дэмжлэг дунд зохиогддог спортын тоглолт, тэмцээнүүд үзэгчгүй чимээ аниргүй нөхцөлд зохиогдох болсон нь тамирчдын сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлж байгаа. Тэгвэл ийм нөхцөлд тэмцээний уур амьсгалыг хэрхэн сайжруулах вэ гэсэн асуудал зохион байгуулагчдын өмнө тулгараад байна.
Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн “Seoul” клуб энэ асуудлыг шийдэх зорилгоор өнгөрсөн ням гарагт болсон тоглолтын үеэр үзэгчдийн суудалд хиймэл хүүхэлдэйнүүдийг суулгасан нь ихээхэн дуулиан дэгдээжээ. Учир нь хөгжөөн дэмжигч хүүхэлдэйнүүд нь манекен биш харин секс хүүхэлдэй байсан нь олны дургуйцлийг хүргэсэн байна.
Клубын удирдлагууд секс тоглоом үйлдвэрлэгчээс хүүхэлдэйнүүдийг худалдан авснаа хүлээн зөвшөөрч, хамтран ажилласан “Dalcom” компанийн үйл ажиллагааны чиглэлийг сайн судлаагүйгээс болж ийм алдаа гарлаа хэмээн албан ёсоор уучлалт гуйсан байна. Хөгжөөн дэмжигчдийг орлосон хүүхэлдэйнүүдийн заримынх нь өмсгөл нь секс тоглоом үйлдвэрлэгч компанийн логотой байсан байна.
Өмнөд Солонгос улс 5 дугаар сарын 8-наас хөлбөмбөгийн тоглолтоо эхлүүлсэн бөгөөд үзэгчдэд телевиз, цахимаар шууд дамжуулан хүргэж байгаа юм. Коронавирусээс сэргийлж дасгалжуулагчид нь заавал амны хаалт зүүж, тоглогчид хоорондоо гар барихгүй, нүүр тулан юм ярихгүй, талбайд шүлсээ хаяхыг хориглож байгаа юм байна.
Эх сурвалж: ВВС