Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс, орнуудад амжилттай туршигдаж буй вакцины талаарх мэдээллийг өгсөн билээ.
Тэрбээр "Өчигдөр АНУ-ын Биотехнологийн Модерна компани өөрийн хөгжүүлж байгаа вакциныг эмнэл зүйн шатны туршилтын урьдчилсан үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн. Тус компанийн уургийн тогтворжсон хэлбэрийг агуулсан mRNA-1273 гэж нэрлэгдэж буй вакцины эмнэл зүйн эхний шатны туршилтад хамрагдсан найман хүний биед байгалийн жамаар халдвар аваад эдгэрсэн хүний адилаар дархлаа тогтсон сайн үр дүн гарчээ.
Мөн Европын холбооны улсын эмийн агентлагаас АНУ-ын Gilead Sciences компанийн Remdesivir эмийг Европын холбооны улсуудад COVID-19 халдварын эмчилгээнд хэрэглэх урьдчилсан зөвшөөрлийг олгох болсон байна" гэдгийг онцолсон юм.