Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй, зарим үед явган зорчигчийн хөдөлгөөн багатай байдаг хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио бүхий явган хүний гарцуудыг сонгож явган зорчигчийн ногоон гэрэл асаах хүсэлт гаргах товчлууруудыг суурилуулж байгаа билээ.
2019 онд Наадамчдын зам буюу Нисэх, Яармагийн зам дагуух 7 байршлын явган хүний гарцуудад суурилуулсан нь амжилттай хэрэгжиж тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, шатахууны үргүй зардлыг бууруулах, явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой байсан тул энэ удаад:
- Чингэлтэйн өргөн чөлөө, 5-н буудлын гарц,
- Цагдаагийн академийн өргөн чөлөө, Амгалан авто вокзалын урд гарц,
- Гачууртын зам, 62-р цэцэрлэгийн урд гарц,
- Нийслэл хүрээ өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд гарц,
- Дарь-Эхийн гудамж, 102-р сургуулийн зүүн талын гарц зэрэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал ихтэй 5-н байршлыг сонгон суурилуулаад байна.
Товчлуурыг дараах зааврын дагуу ашиглана.
Явган зоригч гарцаар зам хөндлөн гарахын тулд эхлээд товчлуур дарах ба 10 секунд орчим хүлээсний дараа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох улаан гэрэл асаж, явган зорчигчийн хөдөлгөөн зөвшөөрсөн ногоон гэрэл асах юм.
Явган зорчигчийн ногоон гэрэл ассаны дараа зам хөндлөн гарахаас өмнө автомашины хөдөлгөөн бүрэн зогссон эсэхийг сайн хараарай!!!
Мөн явган зорчигчийн ногоон гэрэл анивчих нь тухайн гэрэл унтрах дөхсөнийг илтгэх бөгөөд гарцаар зам гарч яваагаас бусад тохиолдолд зогсоод дараагийн ногоон гэрэл асахыг хүлээх хэрэгтэй.
Хэрэв тухайн авто зам нь тусгаарлах зурвастай бөгөөд таныг тусгаарлах зурвас дээр явж байх үед гэрэл солигдсон тохиолдолд зорчих хэсэг рүү орж болохгүй ба товчлуурыг дахин дарж дараагийн ногоон гэрэл асахыг хүлээгээрэй.
Тухайн гарцаар дараалан олон хүн гарах үед товчлуур дараад удаагүй байхад дахин дарсан тохиолдолд гэрлэн дохио нь энгийн горимоор ажиллах буюу явган зорчигчийн ногоон гэрэл 50-70 секундийн дараа асна.
Явган зорчигч та товчлуур дараагүй үед явган зорчигчийн хөдөлгөөн зөвшөөрсөн ногоон гэрэл асахгүй тул товчлуур дарж, гэрэл ассаны дараа аюулгүй байдлаа ханган зам хөндлөн гараарай.
Тээврийн хэрэгслийн жолооч Та явган зорчигчдоо хүндэлж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.