Хүүхдийн төлөөх ажил үйлсээрээ тэргүүлэгч, шашин, улс төрөөс ангид Хүүхдийг ивээх сан дэлхийд 1919 оноос, Монголд 1994 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Тус сан нь Монгол Улсын хүүхэд багачуудын сайн сайхны төлөө хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, ажилласны түүхт 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн 30 жилийн ойн арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид нээж хэлсэн үгэндээ төрийн бүх байгууллагууд бодлого, хөтөлбөр, хэрэгжилт, төсөв, хяналт бүхий л үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг нэн тэргүүнд эрэмбэлэх учиртай гэдгийг цохон тэмдэглэж, хүүхдийн төлөө хамтран түншилж байгаа төрийн байгууллага, Монгол Улс дахь гадаад улсын дипломат, Консулын албан төлөөлөгчид, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, иргэдэд ХЭҮК-ын нэрийн өмнөөс талархах илэрхийлэв.
Харин Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай хэлсэн үгэндээ тус сангийн өнөөдрийг хүртэлх амжилт, хуримтлуулсан туршлага нь гадаад, дотоодын санхүүжүүлэгч байгууллага, хамтрагч талууд, үе үеийн ажилтнууд, чадварлаг баг, хамт олны хичээл зүтгэл, дэмжлэгтэй нягт холбоотой гэдгийг онцолж, Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын төлөө үнэтэй хувь нэмрээ оруулж, хамтран ажиллаж, дэмжиж ирсэн бүгдэд талархал илэрхийлье гэлээ.