УОК-ын ээлжит хуралдаан өнөөдөр болж, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг гадаад орнуудаас Монгол иргэдээ хэрхэн татах талаар танилцууллаа.
Тэрээр "Хуралдаанаар Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад байгаа иргэдээ татан авах дараагийн тусгай үүргийн нислэгүүдийн төлөвлөгөөг хэлэлцүүлж, батлууллаа. Үүнд:
Долдугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар,
Долдугаар сарын 5-нд Токио-Улаанбаатар,
Долдугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар,
Долдугаар сарын 9-нд Истанбулаас улсаас тус тус иргэдээ татан авна.
Уг нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
Мөн долдугаар сарын 15-ны өдөр Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.
Мөн БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэр гаргасан" хэмээн танилцууллаа.
Өмнө нь иргэдийг тусгай үүргийн нислэгээр авчрахдаа таван шалгуурыг тавьж тусгай нислэгт багтах иргэдийг авчирч байсан бол нэмж орлогын эх үүсвэргүй болсон гэсэн нэмэлт шаардлагыг багтаасан байгаа юм байна.
Өнөөдрийн байдлаар 44 улсаас 10355 иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байгаагийн ихэнх нь БНСУ, Япон, АНУ байгаа учраас Сөүл рүү хийх нислэгийн тоог нэмжээ.