Цаг үеийн мэдээ

Хонконгийн цагдаа нар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас өчигдөр Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай баталсан шинэ хуулийн дагуу өнөөдөр эхний баривчилгаагаа явууллаа. 1997 онд Их Британийн колончлолоос гарч Хятадын мэдэлд шилжсэний 23 жилийн ой энэ өдөр тохиож байгаатай холбогдуулан Хонконгийн тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгчид өнөөдөр уламжлал ёсоор жагсаал хийлээ.

Гэвч эх газрын Хятадын өчигдрийн баталсан шинэ хууль нь Хонконгт Хятадын засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал, цуглаан хийхийг хатуу хориглож байгаа юм. Үүний дагуу эсэргүүцлийн жагсаалд оролцсон 200 орчим хүнийг өнөөдөр Хонконгийн цагдаа нар баривчилсан байна.

Өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байгаа шинэ хуулийн дагуу баривчилсан хамгийн эхний хүн “Хонконгийн тусгаар тогтнол” гэсэн бичигтэй тугийг барьсан байжээ. Худалдааны томоохон дүүргийн гудамжинд гарч жагсаал хийсэн Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгчдийг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна.

Хятадын баталсан шинэ хуулиар Хонконгийн үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэгт  насаар нь хорих хүртэл ял оноохоор болсон юм.

АНУ, Европын Холбоо, Австрали улс Хонконгт хэрэгжүүлж буй Хятадын бодлогыг хурцаар шүүмжилж байгаагаа илэрхийлсэн байна.

1997 онд Их Британи Хонконгийг Хятадад нэгтгэхдээ Хонконгийн ард түмний эрх чөлөөнд халдахгүй, хууль тогтоох бие даасан байдлыг нь 50 жилээр өөрчлөхгүй байх гэрээг Хятадтай байгуулж байсан юм. Харин өчигдрийн Хятадын баталсан шинэ хууль нь 23 жилийн тэртээх тус гэрээг зөрчсөн үйлдэл болж байна хэмээн олон улсын тавцанд хурцаар шүүмжилж байна.

“Нэг улс, хоёр систем” бодлогын хүрээнд Хонконг 2047 он хүртэл автономит байдлаа хадгалж, ард иргэд нь үгээ чөлөөтэй илэрхийлэх хууль зүйн өргөн эрхтэй байх ёстой юм.

(Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай Хятадын баталсан шинэ хуультай холбоотой мэдээллийг дараах холбоосоос уншина уу  http://www.zogii.mn/post/7523947)

 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа