Цаг үеийн мэдээ

Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, аймгийн ИТХ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам болон Эрүүл мэндийн газар, эмнэлгийн удирдлага, албан хаагчид оролцлоо.

Тус эмнэлгийн 100 ортой шинэ барилгын ажлыг 2018 онд Эрүүл мэндийн яамны тендерээр шалгарсан “Тэргүүн Чансаа” ХХК 11.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр эхлүүлж 2021 оны 03 дугаар сард барилгын ажил дуусч улсын комисс хүлээн авч 2021 оны 04 дүгээр сард шинэ эмнэлгийн барилгад нүүн орж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Тус эмнэлэг нийтдээ 2 алба, 1 төв,  9 тасгийн зохион байгуулалттайгаар 165 орон тоотой үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү барилгын ажил нь ойрын жилүүдэд аймгийн эрүүл мэндийн салбарт хийгдээгүй томоохон ажлуудын нэг бөгөөд цаашид говийн бүсийн томоохон оношлогоо эмчилгээний төв болох зорилт тавин ажиллаж байна.

Нээлтийн ажиллагааны үер Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын энэ үед тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн бүх ажилтнууддаа дахин талархлаа илэрхийлэн, эрүүл мэндийн яамны зүгээс шаардлагатай хөрөнгө оруулалт болох ПГУ шинжилгээний аппарат, мэс заслын тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэлээ.

Мөн нээлтийн үеэр салбартаа үр бүтээлтэй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн дээд одон медал болон салбарын шагналуудаар шагнаж урамшууллаа.

Таны сурталчилгаа