Хүний эмийн зөвлөл 6-р сарын 30-ны өдөр цахимаар хуралдлаа. Уг хурлаар вирусийн эсрэг эмэнд нэг удаагийн импортын лиценз олгох, эмийн түүхий эдийг шинээр бүртгэх болон вирусийн эсрэг эмийг бодлогоор бүртгэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэв. Зөвлөлийн шийдвэрийн дагуу коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэгдэж буй 6 өөр олон улсын нэршил бүхий эмийг импортоор оруулж ирэх зөвшөөрлийг 26 байгууллагад олгохоор болжээ. Тодруулбал, Умифеновир буюу Арбидол эмийг нийт 4,962,400 шахмал, Ремдесивир дуслын тариаг 229,380 флакон, Фавипиравир эмийг 161,400 шахмал, мөн Левоксацин тариаг 165,000 флакон тус тус импортлохыг зөвшөөрлөө.
Мөн Ремдесивир, Умифеновир, Фавипиравир зэрэг вирусийн эсрэг эмүүдийг Монгол улсын эмийн бүртгэлд шинээр бүртгэхээр шийдвэрлэсэн юм. Түүнчлэн энэ удаагийн хурлаар Умифеновир болон Фавипиравир эмүүдийн түүхий эдийг албан ёсоор бүртгэснээр эдгээр вирусийн эсрэг эмийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болов. Ингэснээр ард иргэдийг боломжийн үнэтэй, чанарын баталгаатай эмээр жигд, хүртээмжтэй хангах нөхцөл бүрдэж байна.