Монголын улаан загалмай нийгэмлэгээс олон улсын төдийгүй дотоодод хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон нийтийн дунд халдварын тандалт судалгаа хийх, зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулах, өрхийн дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлд 1500 гаруй мэргэшсэн сайн дурын ажилтнуудыг ажиллуулж байна. Тус нийгэмлэгээс 2020-2022 онд нийт 2,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппарат, түргэн тусламжийн машин, оношлуур, ариутгал, халдваргүйжүүлэлтийн багц зэргийг хандивлаж, эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлсэн. Энэ удаад омикрон хувилбарын давалгаа эрчимжиж буй энэ цаг үед 658,000,000 төгрөгийн үнэ бүхий 50,000 ширхэг PCR оношлуур хандивлаж байна. Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМС-ын зөвлөх О.Батбаяр, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, МУЗН-ийн Эрүүл мэнд нийгмийн халамжийн газрын дарга О.Номин нар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүслээ. Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлыг даван туулахад эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр Монголын улаан загалмай нийгэмлэг Эрүүл мэндийн яамтай нягт хамтран ажиллаж байна.