Цаг үеийн мэдээ

Роскомнадзор буюу Оросын холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн харилцааны нэгдсэн алба "Украин дахь ОХУ-ын Зэвсэгт хүчний тусгай цэргийн ажиллагааны сэдвийн талаар үнэн зөв бус мэдээллийг" устгахаас татгалзсаны төлөө Википедиа сайтын эсрэг хууль зүйн зөрчлийн протокол гаргахаа Telegram сувагтаа мэдэгдсэн.

"ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу ийм хууль бус материалыг тогтоосон хугацаанд устгаагүй тохиолдолд сайтын эзэн захиргааны хариуцлагыг 4 сая хүртэлх рублийн торгууль хэлбэрээр хүлээх болно" гэж тус агентлаг тэмдэглэсэн байна.

Уг зөрчил нь ОХУ-н захиргааны зөрчлийн тухай хуулийн 13.41 дүгээр зүйл (хориотой мэдээллийг устгаагүй) хэсэгт хамаардаг ба өмнө нь энэ зүйл ангиар Meta Platforms болон Google компанийг 2021 онд 7.2 ба 1.99 тэрбум рублийн торгууль ногдуулж байсан, мөн Telegram, Twitter, TikTok компаниудад торгууль ногдуулж байжээ.

Гуравдугаар сарын эхээр Роскомнадзор "Оросын Украины түрэмгийлэл (2022)" нийтлэлийн төлөө Википедиа цахим нэвтэрхий толь бичгийг блоклох болно гэсэн анхааруулга мэдэгдэл илгээжээ.

Уг мэдэгдэлд тухайн нийтлэл нь "хуулийн зөрчилтэй тараагдаж буй мэдээлэл, тухайлбал олон тооны ОХУ-ын цэргийн албан хаагчид хохирсон тухай мөн Украины энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд олноор хохирол амссан тухай мэдээлэл, гадаадын улс орнуудаас тавьсан хориг арга хэмжээнээс шалтгаалж хүмүүс ОХУ-ын банкууд дахь данснаасаа мөнгөө эргүүлэн татах шаардлагатай болсон гэх мэдээлэл багтсан" гэж мэдэгджээ.

Роскомнадзорын хэвлэлийн алба уг нийтлэлийг "Оросын хэрэглэгчдэд буруу ташаа мэдээлэл өгөх зорилготой худал агуулгатай контент" гэж нэрлэжээ.  Тус агентлаг уг мэдэгдэлдээ "дайн", "түрэмгийлэл", "Оросын түрэмгийлэл" гэсэн үгсийг ашиглаж байгаагаар шүүмжлээд байгаа юм.

Эх сурвалж: Настоящее время

Таны сурталчилгаа