Оскарын шагналт жүжигчин Анжелина Жоли НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан элчийн ажилдаа ихэнх цагаа зориулдаг. Тэрээр гуравдугаар сарын 30-нд Ватиканы ойролцоо байрлах Bambino Gesu хүүхдийн эмнэлгээр зочиллоо.
Энд тэрээр Украин улсад үүссэн дайны нөхцөл байдлын улмаас эх орноо орхин явахаас өөр аргагүй болсон Украин хүүхдүүдтэй уулзжээ. Тэдний заримынх нь биеийн байдал хүнд байгаа аж.
“Ром дахь Bambino Gesu хүүхдийн эмнэлэгт би Украинаас нүүж ирсэн, ирээдүй нь тодорхойгүй байгаа дүрвэгсдийн хүүхдүүдтэй уулзсан. Би бусад хүмүүсийн адил дайн дуусахын төлөө залбирч байгаа. Энэ бол хүмүүсийн зовлон зүдгүүр, албадан нүүлгэн шилжүүлэлтийг зогсоох цорын ганц арга зам юм " гэж жүжигчин бүсгүй инстаграм сторидоо бичжээ.
Жоли мөн дүрвэгсдийг асрах үүрэг хүлээсэн эмч, сувилагч нартай ярилцсан байна.
Нэмж хэлэхэд НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр, Оросууд Украин руу довтолж эхэлснээс хойш хоёр сая дүрвэгч хүүхэд Украиныг орхиж, мөн 2.5 сая хүүхэд улс дотроо нүүж шилжсэн байна.
Эх сурвалж: insider.ua