Цаг үеийн мэдээ

Украины нийслэл Киев хотын захад байдаг Буча тосгоноос олон арван иргэний цогцсыг нэг дор булшилсан байсныг АНУ-ын Максар Технологи нэртэй хиймэл дагуулын технологийн компанийн авсан гэрэл зурагнаас илрүүлжээ. Уг зургийг гуравдугаар сарын 31-ний өдөр авсан байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Буча тосгоны Гэгээн Эндрю болон Первозванного сүмийн хөрсөнд иргэдийн цогцсыг булсан байгааг тосгоны иргэд хэсэгчлэн олж эхэлжээ. Хиймэл дагуулын зурган дээр дүн шинжилгээ хийж иргэдийн цогцсыг булсан оршуулга 13 метр орчим үргэлжилж байна гэж таамаглалаа.

Тосгоны оршин суугчид 150 орчим хүний булш байж магадгүй гэж CNN агентлагт мэдээлсэн ч Буча тосгоны захирагч бямба гарагт хийсэн мэдээлэлдээ 400 орчим хүний цогцос булшлагдсан байж болзошгүй гэдгийг хэлжээ. Максар Технологи фирмийн ажигласнаар тэдгээр цогцсуудыг гуравдугаар сарын эхэнд булсан байж магадгүй байна. 

Оросын цэргийн ажиллагаа Украины нутагт эхэлснээс хойш Буча тосгонд хүндхэн тулаанууд өрнөж, их хэмжээний гарз хохирол амссан байршлын нэг юм. Тосгоны гудамж талбайд эвдэрч сүйдсэн тээврийн хэрэгслүүд, байшин барилгууд нурсан байдалтай байна. 

Уг мэдээлэл цацагдсаны дараа ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Кристин Ламбрехт ОХУ-ын хийн импортыг зогсоох тухай саналыг Европын Холбоонд тавьжээ. Түүний үзэж буйгаар ийм төрлийн гэмт хэргийг хариултгүй үлдээж болохгүй учир хариуцлага тооцох ёстой хэмээн уриалсан байна.  ОХУ нь Европын хийн хэрэглээний 40 орчим хувийг ханган нилүүлдэг юм.

Түүнчлэн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский мэдэгдэл хийж, Европын Холбоог Оросын эсрэг дорвитой алхам хийхийг хүссэн байна. 

Эх сурвалж: ВВС, CNN 

 

 

Таны сурталчилгаа