Унгар улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд Парламентын сонгууль болж өнгөрлөө. Уг сонгуулиар Ерөнхий сайд Виктор Орбан ялалт байгуулж, дөрөв дэх удаагаа Засгийн газрын тэргүүнээр улиран сонгогдсон байна.
Ням гарагийн орой нийт саналын 94 хувийг тоолсон дүнгээр эрх баригч Fidesz нам 53 хувийн санал авч ялалт байгуулсан нь тодорхой болсон бол Петр Марки Заяар удирдуулсан сөрөг хүчний эвсэл 35 хувийн санал авчээ. Орбаны нам Парламентын 199 суудлын 135 суудлыг нь эзэлсэн байна.
Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа Виктор Орбан нийслэл Будапешт хотноо дэмжигчидтэйгээ уулзаж баяраа тэмдэглэжээ. Энэ үеэр тэр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийг эсрэг талын дайсан хэмээн дууджээ. Орбан ОХУ-ын холбоотон төдийгүй өрнөдийнхний эсрэг байр сууриа илэрхийлсээр ирсэн. Орос, Украины мөргөлдөөнд Москваг дэмжиж, Европын холбоо тэргүүтэй улс орнуудыг зэмлэн буруутгаж буйгаа ялалтаа тэмдэглэх үедээ онцлон дурджээ.
Унгарын сонгуулийг олон улсын 200 гаруй ажиглагч , мянга мянган сайн дурынхан ажиглаж хяналт тавьсан байна. Сонгуульд иргэдийн 68,69 хувь оролцсон нь 2018 оны сонгуулиас илүү гарсан үзүүлэлт юм.
Эх сурвалж: ВВС, The Guardian