Цаг үеийн мэдээ

АНУ-ын Засгийн газар БНАСАУ-ыг ирэх долоо хоногт тохиох агуу удирдагч Ким Ир Сений мэндэлсэн өдөр цөмийн зэвсэг туршиж болзошгүй хэмээн анхаарууллаа. Пхеньян Вашингтоны уулзалт хэлэлцээр хийх саналаас татгалзаж байгаа нь дөрөвдүгээр сарын 15-нд цөмийн зэвсэг туршиж болзошгүй гэсэн таамаг сэжгийг улам бататгаж байгаа аж.

Хэрэв Умард Солонгос улс Ким Ир Сений мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулж цөмийн зэвсэг туршвал таван жил орчмын хугацаанд анхных нь болох юм. Умард Солонгосын бодлого төлөвлөлтийн тусгай төлөөлөгч Сун Кимийн хэлснээр уг өдөр Пхеньян цөмийн зэвсгийн хүчин чадлаа хэрхэн хүчирхэгжиж буйг харуулсан томоохон “шоу” хийвэл өдөөн хатгасан үйлдэл болох тул ихээхэн сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ.

Умард Солонгос улс 2006 оноос хойш хэд хэдэн удаа цөмийн зэвсгийн туршилт хийсэн гэж барууныхан үздэг. Хамгийн сүүлд 2017 онд цөмийн зэвсэг туршсан гэж таамагладаг байна. 

Америкийн Засгийн газар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэхээр яриа хэлэлцээр хийх саналыг Пхеньянд тавьсаар байгаа боловч ямар нэг хариу өгөхгүй байгаа гэж Сун Ким мэдээлжээ. Мөн уг санаачилгад Умардтай ойрын холбоотой Орос, Хятадын тал туслахгүй байгаад Ерөнхийлөгч Жо Байден сэтгэл дундуур байгаа гэжээ. Байденыг Ерөнхийлөгчийн ажлаа хүлээж авснаас хойш Умард Солонгос нийт 13 удаа пуужингийн туршилт хийсэн байна. 

Эх сурвалж: The Guardian

 

Таны сурталчилгаа