Орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө 08:30 цагийн үед Нью-Йорк хотын Бруклин дүүргийн метроны буудалд утааны баг өмссөн этгээд зэвсэгт халдлага үйлдэж, 20 гаруй хүн гэмтэж шархдаад байна. Хотын цагдаагийн газар хэргийн газраас сэжиг бүхий түлхүүр олсон бөгөөд сэжигтнийг эрэн сурвалжилж байна.
Сэжигтэн 62 настай Франк Р Жэймс гэгч байж магадгүй бөгөөд халдлага үйлдэхдээ жижиг оврын автобус хөлсөлсөн гэж таамаглаж байгаа юм. Сэжигтний талаар мэдээлэл өгч, байгаа газрыг нь тодруулан, баривчлахад тусалсан хүнд 50,000 ам.долларын шан амлажээ.
Гэмт этгээд Бруклины 36 дугаар гудамжны метроны буудалд утаат бөмбөг тэсэлсэн. Үүний дараа 33 удаа гал нээж, 10 хүн бууны суманд өртөж шархаджээ. Бусад 10 гаруй хүн утаанд хордож, гэнэтийн цочролд орсон тул эмнэлэгт хүргэгдсэн байна. Хохирогчид бүгд амь насаа алдах эрсдэлгүй гэдгийг мэдэгджээ.
Хэргийн газраас Глок брэндийн гар буу, жижиг хутга, сэтгүүлийн цаас зэргийг олсон байна. Сэжигтэн 162 см орчим өндөр, 77 кг орчим жинтэй бөгөөд барилгын ажилчны хантааз, саарал өнгийн малгатай цамц, хийн багтай байж болзошгүй юм.
Нью-Йорк хотын дарга Эрик Адамс Бруклин дүүрэгт дайны нөхцөл байдал үүссэнийг сэрэмжлүүлж, хүний амь нас эрсдэхээс хамгаалсан метроны ажилчид, зориг гаргасан зорчигчдод талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: ВВС, CNN