Орос, Беларусийн ерөнхийлөгчид болох Владимир Путин, Александр Лукашенко нар Сансрын нисгэгчдийн өдрийг тохиолдуулан Амур мужид орших “Восточный” сансрын станцад уулзлаа. Тэдний ярилцсан гол сэдвүүдийн нэг нь Украины дайн байв.
Хэлэлцээрийн дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Владимир Путин Украины Буча хотод болсон аллагын талаар анх удаа тайлбар хийлээ. Түүний хэлснээр, энэ нь Иракт АНУ-ын түрэмгийллийн шалтгаан болсон үй олноор хөнөөх зэвсэгтэй адил "хуурамч зүйл" юм гэжээ.
Путин хэлэхдээ Лукашенко түүнд Бучад болсон үйл явдлын талаарх баримт бичгүүдийг гардуулсан, эдгээр баримт бичгүүдийг Холбооны аюулгүй байдлын албад хүлээлгэн өгсөн бөгөөд тэд энэ сууринд ямар тээврийн хэрэгслээр ирж, энэ өдөөн хатгалгыг зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн тухай тогтоох арга хэрэгсэл бий гэжээ.
Беларусийн Ерөнхийлөгч хариуд нь Буча хотод болсон үйл явдлыг "Англичуудын хийсэн сэтгэл зүйн тусгай ажиллагаа" гэж нэрлэсэн байна. Энэ нь юу гэсэн үг болохыг тэрээр тодорхойлоогүй байна.
Путин “Восточный” сансрын станцын ажилчидтай уулзахдаа Украинд цэргийн ажиллагаа хийх болсон шалтгаанаа дахин хэлж дараа нь хориг арга хэмжээний тухай ярьжээ. Уг хориг нь пуужин, сансрын хөтөлбөрийг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд саад болохгүй хэмээжээ. "Бидний хийж байгаа зүйл бол нэг талаас хүмүүст туслах, хүмүүсийг аврах, нөгөө талаас Оросын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах явдал юм. Мэдээжийн хэрэг, бидэнд өөр сонголт байгаагүй, энэ бол зөв шийдвэр гэж хэлжээ.
Эх сурвалж: euronews.com