REGNUM агентлагийн мэдээлснээр, 5 сарын 9-нд буюу Ялалтын баярын өдөр өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүн Денис Пушилин Мариуполь дахь "Фашизмын хэлмэгдэгсэд"-ийн хөшөөнд мөнхийн галыг дахин асаасан гэжээ. Үүний зэрэгцээ Мариуполь хотод хамгийн сүүлд найман жилийн өмнө Ялалтын баярыг тэмдэглэж байсан гэж бичжээ.
Мөн Мариуполь хотод 300 метрийн урт Георгийн туузыг дэлгэн, хотын гудамжаар барьж алхжээ. Жагсаалын тэргүүнд Денис Пушилин байв.
Харин Мариуполь хотын даргын зөвлөх Петр Андрющенкогийн мэдэгдсэнээр тус хотын оршин суугчид уг ажиллагаанд оролцоогүй, Новоазовск, Донецкийн сайн дурынхан голдуу оросууд оролцсон гэж мэдэгджээ.
Мариуполь хотын зөвлөл мэдээлснээр "Түрэмгийлэгчид ялалтын баяраа Мариуполь хотын оршин суугчдын яс дээр тэмдэглэж байна. Оросын армийн гарт амиа алдсан олон зуун хотын иргэдийг Виноградное тосгоны ойролцоох олноор оршуулах газар руу зөөсөн хэвээр байна. 1945 онд бидний өвөг дээдэс Фашизмыг ялсан. Тэд үүнийг эцсийнх гэж бодсон. Гэвч 77 жилийн дараа хүнлэг бус муухай үзэл суртал фашизм хэлбэрээр сэргэсэн" гэж тэмдэглэн хэлжээ.
Эх сурвалж: Медуза, Regnum