Цаг үеийн мэдээ

Филиппин улсад даваа гарагт Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өнгөрсөн. Сонгуульд 10 нэр дэвшигч өрсөлдсөн ч гол өрсөлдөөн дарангуйлагчийн хүү Фердинанд Маркос болон дэд Ерөнхийлөгч Лени Робредо нарын хооронд өрнөнө гэж ажиглагчид таамаглаж байсан юм.

Санал хураалтын урьдчилсан дүнгээр Фердинанд Маркос 30,8 сая хүний саналаар илт давуу байдалтайгаар ялалт байгуулаад байна. Тэрээр гол өрсөлдөгч Лени Робредогоос хоёр дахин илүү санал авсан гэх албан бус дүн гарчээ. Гэвч энэ нь эцэг Фердинандын дарангуйллын дэглэмээс амьд үлдсэн иргэдэд тун харамсалтай мэдээ болсон байна.

Дарангуйлагч агсны хүү Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь иргэд мэдээлэлгүй, хуурамч мэдээлэлд автсан, заль мэхэнд унасан явдал гэж сонгуулийн дүнг эсэргүүцэгчид үзсэн байна. Хүү Фердинанд төрийн тэргүүн болсноор түүний эцэг Фердинанд Маркос болон гэр бүлийнх нь улсын баялгаас завшсан 10 тэрбум ам.долларыг эргүүлэн төлөх, хүний эрхийг хамгаалах үйл явц сулрах нь гарцаагүй боллоо гэж эсэргүүцэгчид халаглаж байна. 

Сонгуулийн өмнө олон нийтийн цахим сүлжээгээр Фердинандын гэр бүл улс орны хөгжлийн алтан үеийг авчирсан мэтээр хуурамч мэдээллийг бүх сувгаар цацсан нь ялалт байгуулах гол шалтгаан болсон гэж шинжээчид үзжээ. 

Харин хүү Фердинанд Маркос ард түмэнд хандан “Миний өвөг дээдсийг биш намайг, миний үйл хэргийг шүүгтүн” хэмээн мэдэгдэж, улс төрийн хувьд хуваагдсан улс орноо нэгтгэх гүүр болно гэсэн амлалтыг өгсөн байна. Түүний энэ амлалтад эцэг Фердинандын дарангуйллын 20 гаруй жилд дарангуйлагдаж, хоригдож байсан иргэд болоод амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн огт үнэмшихгүй гэдгээ мэдэгджээ.  

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа