Цаг үеийн мэдээ

Их Британийн хатан хоёрдугаар Элизабетийн хаан ширээнд суусны 70 жилийн ойг тэмдэглэсэн морьтнуудын үзүүлбэр өнгөрсөн амралтын өдрүүдэд Виндсор шилтгээнд зохион байгуулагджээ. Хатан хаан гурав хоног үргэлжилсэн Эзэн хааны Виндсор шилтгээний морьтны шоуг сүүлчийн өдөрт буюу ням гарагт үзэхээр ирсэн байна. 

Хатан хааны хамтаар Том Круз, Хэлэн Миррен, Кэтрин Женкинс нар шоуг үзэж сонирхсон талаар мэдээлэв. Хатан хааныг үзүүлбэрийг сонирхохоор ирэх үед задгай талбайд цугласан үзэгчид алга ташин баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн байна.

Хатан хаан биеийн байдлаас шалтгаалан хол газар явж чадахад хүндрэлтэй болсон тул түүний хаан ширээнд заларсны 70 жилийн ойн баярын арга хэмжээнүүдэд тэр бүр өөрийн биеэр оролцож чадахгүй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Парламентын хуралдааныг нээж үг хэлэх ёстой байсан боловч уг арга хэмжээнд очоогүй нь 1963 оноос хойш анх удаа тохиолдсон явдал ажээ. Энэ жил 96 насыг зооглож буй хатан хаан таяг тулан олон нийтийн өмнө харагдах болсон. 

Хатан хааны баярыг тэмдэглэсэн морьтнуудын үзүүлбэрийг “Түүхээр өртөөлөн давхисан нь” сэдэвтэйгээр зохион байгуулж, 500 гаруй морь, 1,000 гаруй жүжигчин оролцсон байна. Үзэгчид энэ үзүүлбэрээс таван зууны түүхийн жимийг хүлээн авах бөгөөд Их Британийн үндэсний болоод олон улсын морьтон, бүжигчид, жүжигчид оролцжээ. 

Хатан хааны хаан ширээнд заларсны 70 жилийн цагаан алтан ойн баярыг нэгдсэн хүрээнд ирэх зургадугаар сарын 2-5-ны хооронд тэмдэглэж, үндэстэн даяар амарна. Энэ хугацаанд олон нийтийн 1,500 орчим арга хэмжээ, гудамж талбайн 1,775 үйл ажиллагааг улс даяар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: ВВС, The Guardian

Таны сурталчилгаа