Сомали улсад өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өнгөрлөө. Ерөнхийлөгчийн сонгуулийг ард олны дунд өргөн хүрээтэй зохион байгуулах ёстой ч аюулгүй байдлыг хамгаалах үүднээс энэ удаад Парламентын танхимд явуулжээ.
Тус улсын Парламентын 328 гишүүний саналаар шинэ Ерөнхийлөгчийг сонгох байснаас нэг гишүүн түдгэлзэж, 327 хүн дараагийн төрийн тэргүүнийг сонгохоор саналаа өгсөн байна. Уг санал хураалтаар 2012-2017 оны хооронд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Хассан Шейх Мохамуд хоёр дахь удаагаа сонгогджээ. Ингэснээр түүнтэй өрсөлдсөн өнөөгийн Ерөнхийлөгч Мохамед Абудаллахи Фармажо төрийн тэргүүний суудлаа шилжүүлэн өгөхөөр болж байна.
Мохамуд 214 саналаар сонгогдсон бол Фармажо 110 саналаар ялагдал хүлээжээ. Санал хураалтын дараа Парламентын гурван гишүүн саналын хайрцгийг луйвардсан хэмээн мэдэгдсэн байна.
Сонгуулийн өрсөлдөөн ширүүн, гурав дахь шатандаа орсон ч аюулгүй байдал, мөргөлдөөний улмаас жил гурван сарын турш хойшлоод байжээ. Гэвч санал хураалтыг Парламентын танхимд явуулсан нь ардчиллыг үгүйсгэсэн үйл явдал боллоо хэмээн шүүмжлэлд өртөж байна.
Санал хураалт дууссан даруйд Шейх Мохамуд тангаргаа өргөж, түүнийг дэмжигчид баяр хүргэн, агаарт хий бууджээ. Шинэ Ерөнхийлөгчийн өмнө 3,5 сая хүнийг өлсгөлөнд нэрвэгдүүлж болзошгүй ган гачиг, аль Шабаб зэрэг исламын хэт даврагсадтай тэмцэх томоохон сорилтууд хүлээж байна.
Эх сурвалж: ВВС