5-р сарын 16-нд Москвад Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-ын гишүүн орнуудын удирдагчдын уулзалт боллоо. Кремльд болсон дээд хэмжээний уулзалтыг Хамтын аюулгүй байдлын гэрээний 30 жил, ХАБГБ-ын 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ.
Уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко нар оролцов. Мөн ХАБГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Станислав Зась чуулга уулзалтад оролцсон байна.
Дээд хэмжээний уулзалтын нээлттэй хэсэгт зөвхөн Путин, Лукашенко нар Украины тухай ярьсан. ОХУ-ын ерөнхийлөгч Украинд биологийн зэвсэг бүтээж, мөн тус улсад "неонацизм газар авч байгааг" дахин зарлажээ. Александр Лукашенко Украиныг "бутраах оролдлого" хийгдэж, тус улс "барууны эрхшээлд орсон" тухай ярьжээ. Хурлын бусад оролцогчид Украины талаар олон нийтэд юу ч хэлээгүй байна.
Дээд хэмжээний уулзалтад оролцогчид Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-г хаалттай хаалганы цаана хэлэлцэнэ гэж Путин хэлжээ. “Энэ бүхэн юутай холбоотой, байлдааны ажил хэрхэн явагдаж байгаа талаар би та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэх болно” гэжээ. ХАБГБ-ын цэргийг Украин руу илгээх асуудлыг дээд хэмжээний уулзалтаар хөндөөгүй гэж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Станислав Зась мэдэгдсэн. Казахстаны эрх баригчид "тусгай ажиллагаа" эхлэхээс өмнө болон эхэлсний дараа ХАБГБ-ын цэргүүд Украинд байлдахгүй гэж мэдэгдэж байсан.
Москвад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Путин Украин дахь "тусгай ажиллагааны" явцын талаар "илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн" гэж Зась хэлээд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: Медуза