Умард Солонгос улсад 2 сая орчим хүнд халуурах шинж тэмдэг илэрч, коронавирусийн улмаас 63 хүн нас бараад байна. Эрүүл мэндийн салбарынхан халдвартай тэмцэхэд ариутгагч, халууны шил хэрэглэхээс гадна халуун бууруулж, өвчин намдаах үйлчилгээтэй уламжлалт эм танг ард иргэдэд санал болгож байна.
Тус улсын төрийн мэдлийн сувгаар халдварт өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд уламжлалт арга, эм тан өндөр үр дүнтэй байгааг мэдээлжээ. Тус улс коронавирусийн халдвар дэлхий дахинд бүртгэгдэж эхэлсэн үеэс хойш хилээ хаасан тул халдварын эсрэг вакцин, эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээ авалгүй ирсэн. Дотоодын халдвар өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэний дараа улс даяар хөл хориод байна.
Умард Солонгосын эрүүл мэндийн төсөл дээр ажиллаж байсан Харвардын анагаах ухааны сургуулийн дэлхийн эрүүл мэндийн мэргэжилтэн Ки Парк тус улсад халдварын улмаас хэдэн арван мянган хүн нас барах эрсдэлтэй гэж үзсэн байна. Мөн үйлдвэрүүд тариур, эм, халууны шил зэргийг олноор үйлдвэрлэж байгаа нь гарцаагүй. Тусгаарлах байруудыг нэмж, халдваргүйжүүлэх уусмал бэлдэхийн тулд нийслэл рүү мянга мянган тн давс тээвэрлэж байна гэж мэдээлжээ.
Удирдагч Ким Жон Ун доод албан тушаалтнуудаа халдварын үед хариуцлагагүй хандаж байна хэмээн зэмлэсэн байна. Хөл хорионы үед ард иргэдийг давстай уусмалаар хоолойгоо зайлах, цагаан гаатай цай уух, өвдсөн тохиолдолд халуун бууруулж, өвчин намдаах эм хэрэглэхийг мэргэжилтнүүд ард иргэдэд зөвлөж байгаа ажээ.
Эх сурвалж: The Guardian