Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн экстрэм талбайд өчигдөр /2022.08.21/ бамбай хоншоорт могой орж иржээ. Өнөөдөр тус хүрээлэнгээс иргэдэд зориулан сэрэмжлүүлэг гаргасан байна.
БАМБАЙ ХОНШООРТ МОГОЙ
Монгол орны бүх нутгаар элбэг тархсан хортой могой бөгөөд сүүлийн жилүүдэд үерийн усаар дамжин нийслэл хотод ихээр орж ирэх болсон. Ихэвчлэн хад асгатай газраар амьдарна.
Ерөнхий шинж:
Биеийн урт 70 орчим см
Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
Хүүхэн хараа нь босоо.
Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамарын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.
Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарна уу!