Цаг үеийн мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар Тавантолгой түлш компанид ажиллалаа.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Нийслэлийн зүгээс Улаанбаатарын утааг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар Хотын захирагч Х.Нямбаатар энэ үеэр танилцууллаа. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хуулийн төсөл боловсруулж дууссан гэдгийг тэрээр танилцуулгадаа онцолсон.

Нийслэлд орон сууцны хороололтой зэрэгцэн оршиж буй 50,000 гаруй айл өрхийг хамруулан “Ногоон бүс” байгуулахаар хуульд тусгажээ. Үүнд, Москва хорооллын болон I хорооллын арын дэнж, 3-4-р хорооллын ар талын болон Зурагт орчмыг газар, мөн БЗД-ийн II дугаар хорооны айлуудыг хамруулна. Тухайн бүсэд байгаа айлуудад хийн түлшийг нэвтрүүлнэ. Байшинтай айлуудыг хийн түлшний шугамд холбох бол гэр сууцтай айлуудад бие даасан хийн түлшний халаалтын шийдлийг нэвтрүүлнэ.

Мөн 20,000 гаруй нам даралтын зуух, 170 гаруй уурын зуухыг үе шаттайгаар хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ ажилд АББҮХ-ны зүгээс аж ахуйн нэгжүүдийг хариуцах бол нийслэлээс айл өрхүүдийг хариуцна. Хийн түлшний халаалтын системд холбогдоогүй 148 мянган айлыг шахмал түлшээр хангана. Шахмал түлшний түүхий эдийг Тавантолгойн уурхайн “0” давхаргын стандарт шаардлага хангасан баяжуулсан нүүрсээр солино.

Автомашины яндангаас гарах утааны агаарын бохирдолд үзүүлэх нөлөө их нэмэгдсэн. Тиймээс тээврийн хэрэгсэлд тавих шаардлагыг чангаруулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг хотын дарга онцоллоо.

Мөн уг хуулийн төсөлд айл өрхүүдийг гэр, сууцаа дулаалах, давхар шаталтад зуух хэрэглэхийг үүрэгжүүлэхээр тусгасан байна.

Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх нь чухал байгааг Х.Нямбаатар дарга мөн онцолсон. Сүүлийн нэг сарын хугацаанд Улаанбаатар хотод нэвтрэх постуудад болон айл өрхийн түлшинд хяналт тавьснаар өдөрт борлуулж байгаа түлшний хэмжээ 1000 тонноор буурах байдал ажиглагдаж байна. Өнгөрсөн 11 дүгээр сарын түлшний борлуулалтыг харахад өдөрт 3500 тонн түлш борлуулалтын цэгүүд рүү гарч байсан бол хяналт шалгалтын дараа энэ тоо өдөрт 2700 тонн болж буурсан. Мөн хяналт шалгалтаар нийтийн байруудад автомашины ажилласан масло шатааж байсан зөрчил илэрсэн. Энэ мэт зөрчил дутагдал хяналтын үр дүнд ил болж байна гэдгийг тэрээр хэллээ.

Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал Б.Наранцогт Багануурын уурхайг түшиглэн хөх нүүрс буюу кокс үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой гэдгийг энэ үеэр танилцууллаа. Хөх нүүрсийг нэвтрүүлснээр агаарын бохирдол 80 хувь, өртөг зардал 62 хувь буурахаас гадна 100 мгв-н эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэдгийг тэрээр онцоллоо. Энэ төслийн ТЭЗҮ болон судалгааны ажил хийгдсэн байна.

Тавантолгой түлш компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр шахмал түлшний түүхий эдийг зайлшгүй солих шаардлагатай байгааг хэллээ. Тэрээр үндсэн түүхий эдээс гадна, барьцалдуулагчийн стандартыг шинээр батлуулж, техникийн шаардлагуудыг сайжруулна гэлээ.

Засгийн газраас 2025 оныг нийслэл хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх жил болгож зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдаар ахлуулсан Шуурхай штаб байгуулсан. Шуурхай штаб Бямба гараг бүр нийслэлийн тулгамдаж буй асуудлаар газар дээр нь ажиллана.  Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг маргаашийн Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ. 

Таны сурталчилгаа