Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Цогцолбор тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн шилдгээр шалгарсан тасгуудын 400 орчим сурагч оролцож байна.
Цогцолбор тэмцээний нээлтийн ёслолд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нарын холбогдох албаныхан, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын удирдлага, тамирчин сурагчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.
Тэмцээний нээлтийн ёслол Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуул Батлан хамгаалахын сайдыг ёслол төгөлдөр угтан авснаар эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн тэмцээний Ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ тамирчин сурагчдыг бэлэн жагссан тухай илтгэлээ.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Дөл-2022” цогцолбор тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Улс орны дөрвөн зүг, найман зовхисоос хүрэлцэн ирж, хурд хүч, авьяас чадвараа дайчлан оролцож байгаа сурагчид, багш-дасгалжуулагч Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. “Дөл” тэмцээн нь хүүхэд, залуучуудыг зөв ёс суртахуунтай, хувийн зохион байгуулалттай, зорилго тэмүүлэлтэй иргэн болон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй анги, хамт олны эв нэгдэл, сургалтын чанар, хувь хүний хүмүүжилд эергээр нөлөөлдгийг дурдахад таатай байна.
2015 онд батлагдсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг болон Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-т “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэхүү төр, засгаас баталсан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн нь өндөр ач холбогдолтой юм.
Тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, түүний Тамгын газар, Цэргийн штабууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Ерөнхий боловсролын сургуулиуд болон Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье” гээд эр зориг, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөх 29 багийн 400 гаруй тамирчин сурагчдад өндөр амжилт хүслээ.
Үүний дараа Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа “Дөл-2022” цэрэг-спортын цогболор тэмцээнийг анх удаа Ерөнхийлөгчийн ивээл дор өргөн хүрээн зохион байгуулж байгаа Батлан хамгаалах яамныхандаа баярлалаа. Улс орны маань ирээдүй болсон өсвөр үе, хүүхэд залуучуудыг цэрэг-спортоор дамжуулан эх оронч үзэл төлөвшилтэй иргэн болгон бэлтгэхэд цогцолбор тэмцээний гол ач холбогдол оршиж байна” гээд тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.
Нээлтийн ёслолын төгсгөлд ҮБХИС-ийн харьяа “Тэмүүжин-Өрлөг” дунд сургуулийн сурагчид жагсаалын үзүүлэх тоглолт, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийнхан гардан тулааны үзүүлэх тоглолтыг тус тус толилуулж, тэмцээнд оролцогч баг тамирчид цэргийн ёслолын жагсаалаар алхсан юм.
Ахлах дэслэгч Д.БОЛОР, дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ