Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /ҮББХ/ дарга Т.Энхтүвшин тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд аравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудад ажиллаж, төрийн болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газар, хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Байнгын хорооны гишүүд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилттэй танилцах ажлын хүрээнд эхлээд Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулдаг “НВЦ” группийн “Баян” өндөгний үйлдвэрт очиж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улс жилдээ дунджаар 400 сая ширхэг өндөг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд дотоодын үйлдвэрүүд 60 хувийг нь хангадаг аж. Үүнийг 53 хувийг “НВЦ” группийн “Баян” өндөгний үйлдвэр дангаараа нийлүүлж, 2500 харилцагчдаа шууд бүтээгдэхүүнээ хүргэн, 400 хүнийг тогтмол ажлын байраар ханган ажилладаг байна.
“НВЦ” группийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэг “Улсын Их Хурлаас гаргаж байгаа бодлого шийдвэр нь бидний ажилд маш их дэмжлэг болж байгаа. Жишээлбэл, шувууны аж ахуйн тоног төхөөрөмжийг 2025 он хүртэл НӨАТ-ын болон гаалийн албан татвараас чөлөөлсөн. Импортын өндөгний НӨАТ-ын болон гаалийн албан татварыг 25.5 хувь болгосон нь дотоодын үйлдвэрлэгчдийг өсч хөгжихөд ихээхэн тус дэм болж байна” гэв.
Манай улсын өндөгний хэрэглээ жил бүр нэмэгдсээр байгаа ч нэг хүн жилд дунджаар 120 ширхэг өндөг хэрэглэдэг гэсэн судалгаа байгаа. Энэ нь дэлхийн дунджаас 2-3 дахин бага үзүүлэлт юм байна.
УИХ-ын ҮББХ-ны дарга Т.Энхтүвшин “Эрүүл хүнсээр иргэдээ хангаж буй дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Ирэх оны төсөвт мал аж ахуй, газар тариалангийн салбар, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ болон хүнсний чиглэлийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх, дэмжихэд шаардагдах 228.8 тэрбум төгрөг тусгасан. Дотоодоосоо хүнсний хэрэглээг хангаж байгаа хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зарцуулна” хэмээлээ.
Баян өндөгний үйлдвэр ирэх онд үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Ингэснээр нийт 1 сая өндөглөгч шувуутай болж, жилд улсын төсөвт 20 орчим тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх, өндөгний импортыг бууруулж, дотоодын хэрэгцээг хангах хувь зэрэг олон эерэг үзүүлэлтүүд бий болно гэдгийг үйлдвэрийн удирдлагууд хэлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.